ОРХОН: “Сурагч лиг”-ийн шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын санаачилгаар зохион байгуулсан “Сурагч лиг” волейболын тэмцээн аравдугаар сард эхэлж, 4 дүгээр сарын 9-ний өдөр аваргуудаа тодрууллаа.
Үүнтэй уялдуулан хүүхэд, залуусыг спортоор хичээллэх зөв дадалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг анх удаа санаачлан зохион байгуулжээ.
Бүтэн зургаан сарын турш үргэлжилсэн энэхүү тэмцээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын 18 сургуулийн 500 гаруй тамирчин оролцжээ.
“Сурагч лиг” тэмцээний энэ оны аварга сургуулиар эмэгтэй төрөлд "Орхон Эмпати" сургууль нэгдүгээр байрт, ЕБ-ын 5 дугаар сургууль хоёрдугаар байрт, ЕБ-ын 14 дүгээр сургууль гуравдугаар байрт, тусгай байрт ЕБ-ын 1 дүгээр сургууль шалгарлаа.
Харин багийн нийлбэр дүнгээр ЕБ-ын 5 дугаар сургуулийн баг, тамирчид тэргүүлж, шилжин явах цомын эзэд боллоо.


