ӨМНӨГОВЬ: Дэлхийн адууны өдөрт 209 морьтон оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-04-10 16:33:03

Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сэргэлэн, төрийн хан хуурч, МУСТА Ц.Соёл-Эрдэнэ нарыг Өмнөговь аймгийн удирдлагууд энэ сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталсан. Тогтоолын дагуу энэхүү өдрийг долоодугаар сарын 11-ний өдөр дэлхийн улс орнууд анх удаа Монголд тэмдэглэнэ.


Энэ хүрээнд “Дэлхийн адууны өдөр-2026”-г ирэх 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж буй талаар санал солилцож, Дэлхийн адууны өдөрт зориулсан 10 мянган морьтны жагсаалд Өмнөговь аймгаас 209 морьтон оролцуулахаа илэрхийллээ.

 

Мөн 1 дүгээр сарын 24-ний өдрийг “Тэмээний өдөр” болгон тэмдэглэх болсонтой холбогдуулан, 2027 онд “Түмэн тэмээний баяр”-ын 30 жилийн ойг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэнд уламжиллаа.

 

Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Уламжлалт анагаах ухаан”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, цаашдын уялдаа холбоог бэхжүүлэхэд хамтарч ажиллахаар тохиролцлоо. 

Холбоотой мэдээ