ӨМНӨГОВЬ: Нийгмийн ухааны улсын 28 дугаар олимпиадаас хос мөнгөн медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нийгмийн ухааны улсын 28 дугаар олимпиадыг энэ сарын 8-9-ний өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгууллаа.
Олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 54 багш, 66
суралцагч оролцож, нийгмийн ухааны мэдлэг, сэтгэн бодох чадвараа сорин өрсөлдсөн юм.
Тус олимпиадыг энэ жил орон нутагт анх удаа зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан багшид 5 сая, сурагчдыг 2,5 сая төгрөгөөр шагнасан бөгөөд оролцогчид туршлага солилцох, харилцан суралцах, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлсэн зэрэг онцгой ач холбогдолтой боллоо.
Өмнөговь аймгийн оролцогчдоос Даланзадгад сумын улсын тэргүүний 3 дугаар сургуулийн нийгмийн ухааны багш Ж.Оюунцэцэг, шавь 12б ангийн сурагч О.Аззаяа нар дэд байр эзлэн хос мөнгөн медаль хүртжээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар

Улсын 28 дугаар олимпиадыг амжилттай зохион байгуулж, өрсөлдөөнтэй боллоо. Оролцогч сурагчдын эсээ бичих ур чадвар өмнөх жилүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйц сайжирсныг ажлын хэсэг онцлон дурдсан. Өмнөговь аймаг боловсролын салбарт онцгойлон анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн ажиллаж байгаагийн үр дүн ийнхүү бодитоор илэрч байна.
Тодруулбал, Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн багш Оюунцэцэг, сурагч Аззаяа нар амжилттай оролцож, хос мөнгөн медаль хүртсэн нь бахархалтай үйл явдал боллоо. Энэхүү амжилт нь аймаг, орон нутгийн дэмжлэгээс гадна багш, сурагчдын уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн бодит үр дүн юм. Мөн энэ удаагийн олимпиадын шагналын санг өндөр тогтоосон нь багш, сурагчдын хөдөлмөрийг үнэлж, урам зориг өгөхөд чиглэсэн чухал шийдвэр боллоо. Ийм бодлогын дэмжлэг цаашид үргэлжилбэл багш, сурагчдын амжилт улам ахина гэдэгт итгэлтэй байна.
Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн Нийгмийн ухааны багш Ж.Оюунцэцэг

Орон нутгийн түвшинд боловсролын салбарт ямагт тэргүүлэх чиглэл болгож хөрөнгө оруулалт хийдэг аймгийн хувьд үнэхээр хүндээ чиглэсэн хөрөнгө оруулалтаа хийж чадсан гэж бодож байна. Миний хувьд орон нутагтаа зохион байгуулж байгаа нийгмийн ухааны олимпиадад шавьтайгаа оролцож хоёулаа шагналт байр эзэлсэндээ маш их баяртай байна.
Миний хувьд орон нутагтаа хичээл зүтгэлтэй ажиллаж ирсэн бөгөөд элсэлтийн шалгалтад 800 оноог гурван удаа авч, аймаг, орон нутгийн дэмжлэгийг хүртэж байсан. Ингээд энэхүү амжилтад хувь нэмэр оруулж, дэмжин ажилласан нийт хамт олондоо талархал илэрхийлье.