ОРХОН: Соёл спортын “Эрдэнэт цогцолбор”-ын шинэ барилгыг 7 дугаар сард ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд соёл, спортын "Эрдэнэт цогцолбор"-ын барилгын ажлын явцтай энэ сарын 8-ны өдөр танилцаж, холбогдох асуудлуудаар үүрэг чиглэл өглөө.
Барилгын цахилгаан хангамжийн ажлын талаар танилцуулахдаа, ажлыг хоёр үндсэн чиглэлээр явуулж байгааг онцлов. Үүнд гадна цахилгааны ажлын хүрээнд техникийн нөхцөлийг шинэчилж, зураг төслийг өөрчлөх бөгөөд анхны төслөөр 2х630 кВА чадалтай дэд станцыг 2х1000 кВА болгон нэмэгдүүлэх хувилбарыг судалж байна.
Энэхүү ажлыг гүйцэтгэгч “Би Софт” компанитай байгуулсан гэрээний хүрээнд, нэмэлт өөрчлөлтийн зардал дотооддоо багтах тохиолдолд гэрээг өргөтгөн хэрэгжүүлэх боломжтойг дурдлаа.
Гадна цахилгааны ажлыг ийнхүү зохион байгуулбал долоодугаар сараас өмнө ашиглалтад оруулах боломжтой гэж үзэж байна. Ерөнхий инженер Т.Батмөнх хэлэхдээ, төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхой хэмжээнд бүрдсэн бөгөөд нэмэлт ажлуудтай холбоотойгоор ойролцоогоор 1 тэрбум төгрөгийн нөөц боломж байгааг хэлсэн. Түүнчлэн цахилгааны монтажийн ажил үндсэндээ шинээр хийх нөхцөл үүсэж байгааг анхааруулж, ажлыг уялдаа холбоотой, иж бүрэн байдлаар зохион байгуулах шаардлагатайг анхаарууллаа.
Түүнчлэн барилга ашиглалтад орохын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэж, ашиглалтын бэлэн байдлыг хангах чиглэлээр тодорхой үүрэг өглөө. Одоогоор ашиглалтын өмнөх шатанд хэрэгжүүлэх 16 нэр төрлийн ажлыг тодорхойлж, хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэхээр боллоо.
Соёл, спортын Эрдэнэт цогцолборын барилгын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ашиглалтад оруулахад анхаарч, холбогдох бүх шатны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг удирдлагууд онцолсон гэж Эрдэнэт үйлдвэрийн ХМОНХА-аас мэдээллээ.




