ӨМНӨГОВЬ: Өнгөрсөн онд 3000 гаруй ахмадыг цахим ур чадварын сургалтад хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний газраас "Цахимаар нэн тэргүүнд" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ахмад настны цахим ур чадварыг нэмэгдүүлэх” чиглэлээр үе шаттай сургалт нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байна.
Тус ажлын хүрээнд Өмнөговь аймгийн хэмжээнд 2025 онд 3000 гаруй ахмадыг цахим ур чадварын сургалтад хамруулжээ.
Энэ оны цахим ур чадварын сургалтыг дөрөвдүгээр сарын 6-17-ны хооронд цахим болон танхимаар зохион байгуулахаар төлөвлөж, Даланзадгад сумын хэмжээнд 500 ахмадыг хамруулж, 30 сургагч багшийг бэлтгэхээр төлөвлөжээ.
Ахмадуудын цахим ур чадварыг дээшлүүлэх нь өнөөгийн нийгэмд чухал ач холбогдолтой. Цахим ур чадваргүй ахмадууд мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн зөвлөгөө, нийгмийн харилцаанаас хоцрох, төрийн болон банкны үйлчилгээ авах боломж хомс болох, цахим залиланд өртөх зэрэг эрсдэлтэй тул сургалт зайлшгүй шаардлагатай юм.
Харин үе шаттай цахим ур чадварын сургалтад хамрагдсанаар ахмадууд бие даан эдгээр үйлчилгээг ашиглаж, цахим орчинд мессеж, видео дуудлагаар гэр бүл, найз нөхөдтэйгөө байнгын харилцаа холбоотой байж луйвар, хуурамч мэдээлэл, цахим залилангаас өөрийгөө хамгаалж, нийгмээс тусгаарлагдахаас сэргийлж, илүү идэвхтэй, аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдэж байгаагаараа онцлог давуу талтай байна.