ӨМНӨГОВЬ: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд 5.4 тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-04-06 18:03:41

Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮЯ, ЖДҮГ болон 21 аймгийн Засаг дарга нартай “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ”-г байгуулж, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх төслийн зээлийг нээлттэй зарлалаа.


Өмнөговь аймгийн хэмжээд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд 5.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр www.sme.gov.mn-аар дамжуулан хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлжээ.

 

Төслийг энэ сарын 6-наас ирэх сарын 5-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд 5 хүртэл жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 хүртэл сар байх юм.

 

Төсөлд хамрагдах иргэд бөөний болон импортын худалдаа, орон сууцны барилга угсралтаас бусад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байх шаардлагыг тавьжээ.


2024 онд 1 тэрбум төгрөгөөр 87 аж ахуйн нэгжийг санхүүжүүлэн бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх боломжийг олгож, шинээр 480 ажлын байрыг нэмэгдүүлж 176 ажлын байрыг хадгалсан байна.


Харин 2025 онд 300 гаруй иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлд хамрагдах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлснээр 157 төслийн 18.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иржээ. Үүний үр дүнд орон нутгийн төсвийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн эх үүсвэрийг 3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 8.2 тэрбум төгрөг болгож, шаардлага хангасан 55 аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгосон байна.

 

Холбоотой мэдээ