ӨМНӨГОВЬ: "Их говийн хавар-2026" үйл ажиллагааг гурав дахь жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-04-06 10:17:32

Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Ханш нээх өдрийг тохиолдуулан “Их говийн хаврын баяр-2026”-г энэ сарын 5-ны өдөр Өмнөговь аймгийн ЗДТГ, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

 

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны зөвлөх, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сэргэлэн, Төрийн хан хуурч, МУСТА Ц.Соёл-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Ө.Батжаргал, Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч С.Мөнхжаргал, ерөөлч, магтаалч, СТА Ж.Дагвасамба болон Өмнөговь аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид, ардын язгуур урлагийн “Алтан өв” хамтлаг, Цогтцэций, Даланзадгад сумын уртын дуучид, морин хуурч хүүхдүүд нийт 200 гаруй уран бүтээлч оролцож, 600 гаруй иргэн үзэж сонирхлоо.

 

Хангай дэлхийгээ баясган ном хурж, тууль хайлж, ерөөлч магтаалчид ерөөлөө цэцлэж, оролцогчид сүү, цайны дээж, амуу будаагаа дээжлэн өргөлөө. 


Ханш нээх өдөр нь байгаль дэлхий сэргэн амилж, амьтай бүхэн хөдөлгөөнд ордог хэмээн үзэж бие, сэтгэлээ ариун байлгаж, эв эеийг эрхэмлэн, байгаль дэлхийдээ өргөл өргөдөг уламжлалтай. Энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун, намрын өнгийг тодорхойлдог.


Монголчууд эртнээс мал аж ахуйд тулгуурласан улирлын онцлогт тохируулан нутаг сэлгэх, бэлчээрийн даац, усны нөөцийг үнэлэх, цаг агаарын өөрчлөлтийг шинж тэмдгээр нь урьдчилан таамаглаж байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой амьдарч иржээ.


Энэхүү хаврын баярын үйл ажиллагаагаар байгальтайгаа холбогдох чадвар туршлага, уламжлал, тэмцэх биш, зохицож амьдрах арга ухааныг түгээн дэлгэрүүлж байгаагаараа онцлог үйл ажиллагаа юм.
























Холбоотой мэдээ