ОРХОН: Улсын заан цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх 128 бөхийн барилдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-04-03 11:24:06

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит улсын заан цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх хүчит 128 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 12-нд Улаанбаатар хотын Монгол бөхийн өргөөнд болно.


Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит хоёр жилд нэг удаа болдог уг барилдаан нь энэ жил “Эрин зууны бахархал Эрдэнэт” хотын 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой.


Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх барилдааныг анх 1996 онд тухайн үеийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж, бөх сонирхогчид, наадамчин олныг уран мэхээрээ баясгаж байсан залуу зургаан зааны алдар гавьяа, амжилтыг алдаршуулах зорилгоор зохион байгуулж эхэлсэн түүхтэй.


Үүнээс хойших 14 дэх барилдааныг “Эрин зууны бахархал Эрдэнэт” хотын 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, шөвгөрсөн бөх 5 сая төгрөгийн бай шагналтай байх юм.


Улсын заан цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх энэ барилдаан нь монгол бөхийн уламжлал, дэг жаяг, цол хүндэтгэлийг хойч үедээ таниулахын зэрэгцээ аймаг, орон нутгийн хүүхэд, залуусын үндэсний бөхөөр хичээллэх сонирхлыг нэмэгдүүлдэг онцгой барилдаануудын нэг юм.



Холбоотой мэдээ