СЭЛЭНГЭ: Байгальд ээлтэй, үр ашигтай газар тариалангийн шинэ гарцыг эрэлхийлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2026 оны дөрөвдүгээр сарын
2 /МОНЦАМЭ/. Европын Холбооны санхүүжилттэй
“Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг сайжруулах”
(STREAM+) төсөл нь байгальд ээлтэй, үр ашигтай газар тариалангийн шинэ гарцыг
эрэлхийлсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч байна.
Тодруулбал, ХААИС-ийн докторант Б.Төртулгын судалгааны үр дүнгээр агро-ойжуулалт
нэвтрүүлсэн талбайд буудайн ургац 26-32 хувиар, хунчирын ургац 36 хувиар
нэмэгдэж, хөрсний чийгийн хэмжээ 2.6-4.6 мм-ээр өссөн болохыг харуулжээ.
Түүнчлэн Сэлэнгэ
аймгийн Жавхлант суманд Европын Холбооны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн
менежмент, экосистемийн тогтвортой байдлыг сайжруулах” (STREAM+) төслийн хүрээнд
агро-ойжуулалтын туршилтын талбай байгуулан 3 жил болж байгаа юм.
Энэ талаар
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын
мэргэжилтэн Б.Атарчимэг, Жавхлант суманд байгуулсан агро-ойжуулалтын туршилтын
талбайд ердөө гурван жилийн хугацаанд ургамлын зүйлийн бүрэлдэхүүн дөрвөөр
нэмэгдсэн. Энэ бол экосистемийн сэргэлт, биологийн олон янз байдал
хэрхэн сайжирч байгааг тод харуулж байна хэмээн ярилаа.
Мөн Жавхлант
суманд элсний нүүдлийг зогсоох зорилгоор 5.7 га талбайг хамгаалан модлог
ургамал тарьж, 16000 модтой үржүүлгийн газар, 500 гаруй метр ойн хамгаалалтын
зурвасыг байгуулсан байна.
Дээрх
төслийн хүрээнд хийж байгаа судалгааны үр дүн, туршлага, агро-ойжуулалт нь
зөвхөн ургац нэмэгдүүлэх төдийгүй, хөрсний чийг хадгалах, экосистемийг
тэнцвэржүүлэх, байгальд ээлтэй тогтвортой хөгжилд хүрэх бодит гарц нь болж
байгааг төслийн удирдлагчдын зүгээс онцоллоо.