Хоточ банхарыг хотонд нь өсгөх хэрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 17:03:22

Нэгэн цагт ховордоод байсан  монгол банхар  Дорноговь аймгийн Сайншанд хотод мэр сэр  үзэгдэх болжээ. ”Говийн халтар” хэмээх нохой үржүүлгийн газарт  20 орчим  нохойг  гар сэтгэл нийлсэн хэсэг залуус тэжээж байна. 

Малын гэдэс, цувдай, шар будаа зэргээр хооллодог  банхарууд  таван нас хүрээд л нас бие гүйцдэг бөгөөд  хамгийн дээд тал нь 17 насыг насалдаг аж.  Нохой тэжээгч Н.Баярцолмонгоос  банхарын тухай зарим зүйлийг тодруулахад “ “Хоточ” хэмээн нэрлэгддэг монгол банхар  хөдөө  малчны хотонд сэгсийчихээд  гэр малаа хараад холын боохойг ойртуулалгүй чимээ өгөөд  байж байх нь үнэхээр сайхан харагддаг. Үүлдэр угсааны хувьд хамгийн сайн нохой. Хөдөө газар өсгөвөл бүр ч сайн, жинхэнэ монгол, хоточ банхар болно.  Өвөл хэчнээн хүйтэрсэн ч үүрэнд амьдардаггүй. Харин малчид нохойгоо тэжээж чадахгүй байна, өөр эрлийз нохойнуудтай сүрэглэн явж цус холилдох магадлал  өндөр. Манайд 2013 оны  “Монгол банхар” үзэсгэлэнгээс алтан медаль, 2015 оны үзэсгэлэнгээс мөн алт, мөнгөн медаль хүртсэн  нохойнууд бий. Шилдэг банхарыг тодруулахдаа банхарын уугуул шинж, шүд, засаа, хөлийн сарвуу гээд олон зүйлийг үздэг” гэлээ.

Нохой тэжээгчид өглөө, оройд  нохойнуудаа  салхинд гаргаж, уул овоо, хээр талаар авч явдаг бөгөөд арчилгаа, маллагаа ихээхэн шаарддаг аж. Хамгийн доод тал нь гөлгөн нохойг  500 мянган төгрөгөөс дээш үнэтэй  худалддаг байна.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ