ӨМНӨГОВЬ: Говийн оюу хөгжлийн сангийн төсөл орон нутгийн хөгжлийг дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-03-26 18:17:11

Даланзадгад, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын Нисэх хороололд Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 6.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 200 хүүхдийн цэцэрлэг барьж, барилга угсралтын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.


Тус бүсэд шинэ цэцэрлэг ашиглалтад оруулснаар суурь боловсролын үйлчилгээ иргэдэд ойртож, хүүхдүүд цэцэрлэгтээ явахдаа хол зам туулах шаардлагагүй болж, тав тухтай, аюулгүй орчинд сурч, хүмүүжих нөхцөл бүрдэх юм.

 

Мөн орон нутагт багш, ажилтнуудын ажлын байр шинээр бий болох эерэг нөлөө үзүүлж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд давхардсан тоогоор 840 мянга гаруй иргэн Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт хамрагдаж бизнесээ өргөжүүлэн, шинээр ажлын байртай болсон бол сумын сурагч хүүхдүүд шинэ сургууль, цэцэрлэгтэй болжээ.


Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор тус сангаас нийт 583 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, 149 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний хүрээнд нийт 1300 хүүхдийн хүчин чадалтай найман цэцэрлэгийн барилгын санхүүжилтийг олгосон байна. 


Тус аймагт ерөнхий боловсролын 23 сургууль, 31 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ойролцоогоор сургуульд 14 мянган сурагч, цэцэрлэгт 6000 гаруй хүүхэд хамрагдаж байгаа юм. 


Өмнөговь аймгийн хэмжээнд энэ жил Даланзадгад суманд 200 хүүхдийн хоёр цэцэрлэг, Ханбогд, Баян-Овоо суманд 100 хүүхдийн цэцэрлэгийг Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр барих бол орон нутгийн санхүүжилтээр Даланзадгад, Цогтцэций суманд нэг сургууль барихаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ