Айшолпан охин гэр бүлийн хамт Дубайг зорьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙМонголынхоо нэрийг болон Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпан гэр бүлийн хамт Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубайг зорьжээ.
Тэрбээр өөрийнх нь амьдралаас сэдэвлэн бүтээсэн хүүхэлдэйн киноны нээлтэд оролцохоор Арабт очжээ.
Н.Айшолпан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумынх бөгөөд аймгийн төв дэх Эмпати сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Айшолпаны өвөө, аав, ах гэр бүл ойр дотны хүмүүс нь бүргэдчин. Тэдний тэжээж байгаа бүргэддээ хамтдаа хоол өгч өхөөрдөж байгаад дасч сонирхон, ааваараа бүргэдийн тухай өөрийнхөө мэдэж чаддаг бүх зүйлийг заалгаж сурчээ.
Израйлийн гэрэл зурагчин Ашер Свиденский Баян-Өлгийн хязгаарт зочлохдоо Н.Айшолпан охины тухай гэрэл зургийн сурвалжлага хийсэн нь ВВС агентлагийн цахим хуудаснаа гарч байсан төдийгүй АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Олигвы Энтертайнмент”-ынхан түүний амьдралаар “The Eagle Huntress” хэмээх баримтат кино бүтээсэн юм.
Монголынхоо нэрийг болон Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпаныг “Harper's Bazaar” сэтгүүлээс 2016 оны "Эрэлхэг эмэгтэй"- жагсаалтад бичсэн байдаг. Тус сэтгүүлээс жил бүр "Women who dare" буюу "Эрэлхэг эмэгтэй" гэсэн тусгай дугаар гаргадаг бөгөөд энэ жилийн жагсаалтад Н.Айшолпан охиноос гадна АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон, Холливудын алдарт жүжигчин Ума Турман зэрэг олон алдартан багтжээ.
Ш.Айзаря