СЭЛЭНГЭ: Хилийн цэргийн ахмад хилчид төрийн одон хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-02-16 19:28:00

Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар олон жил үр бүтээлтэй ажилласан Сэлэнгэ аймгийн нэр бүхий зарим иргэнийг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.


Шагналыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардууллаа.


Энэ өдөр шагнал хүртсэн хүмүүсээс Ж.Нэхийт баатрын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн 14 ахмад хилчин онцгойлон шалгарлаа.


Тэд эх орныхоо хойд хилийн амгалан тайвны манаанд халуун залуу насаа зориулж, өргөсөн тангарагтаа тууштай үнэнчээр зүтгэн, хил хамгаалах ариун бөгөөд хариуцлагатай үйлсэд олон жил хөдөлмөрлөсөн гавьяатнууд юм.


Цэргийн дүрэмт хувцсаа жавхаатай өмссөн ахмад хилчид төр, түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн хөдөлмөрөө ийнхүү үнэлүүлж, энэ өдрийн хүндэтгэлийн эзэд болсон нь шагнал гардуулах ёслолын онцлох үйл явдал байлаа.


-Ахмад хилчин, дэд хурандаа Г.Батмөнх Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа.

Тэрээр “Би Улсын хил хамгаалах шалган нэвтрүүлэх албанд нийтдээ 44 жил ажилласан. Энэ хөдөлмөрийг минь төр засгаас өндрөөр үнэлсэнд маш их баяртай байна.

Энэ амжилтын цаана миний хань, намайг энэ чухал үүрэгт ажлыг эрхлэхэд ар талд бат зогсож, ар гэрийг минь авч явсан гэргийдээ баярлалаа. Энэ шагналын тал хувь нь энэ хүний хөдөлмөр юм.

Би сургуулиа төгсөөд л хилийн заставаас эхлээд хилийн отрядуудад зохих ёсны албуудыг хашиж байсан. Нийтдээ би хилийн албанд 44 жил зүтгээд тэтгэвэрт гарсан байна. Одоо ч би гавьяаны амралтад суусан ч зүрх сэтгэлээрээ эх орныхоо төлөө зүтгэж явдаг шүү” хэмээн ярилаа.

 

-Цэргийн гавьяаны одонгоор энгэрээ мялаасан, ахмад хилчин, ахлах ахлагч С.Төмөрхуяг, “Би 1987 онд цэргийн албанд шалгагчаар гараагаа эхэлж, хилчин шалгагч хүртэл дэвшин, хилийн цэрэгтээ хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Ийнхүү 25 жилийн турш энэ албыг нэр төртэй хаагаад гавьяаны амралтад гарсан.

Ажиллаж байх хугацаандаа Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтод ихэнх хугацааг өнгөрүүлсэн. Мөн Алтанбулаг, Шалгалт хамгаалалтын тавтын заставт үүрэг гүйцэтгэж байлаа.


Намайг ажиллаж байх үед, 1987-1990 онд дипломат паспорттой хүмүүс болон оюутнууд ихэвчлэн хил нэвтэрдэг байлаа. Харин 1990 оноос зах зээлийн харилцаанд шилжсэнтэй холбоотойгоор зорчигчдын тоо эрс нэмэгдсэн. Тухайн үед бид модон иштэй тамгаар паспорт дээр дарж, иргэдийг хилээр нэвтрүүлдэг байсан. Нэг вагонд дунджаар 36 хүн байна гэж тооцоход, бүх зорчигчийн паспортыг модон штампаар нэг бүрчлэн тамгалж байж нэвтрүүлдэг байлаа.


Тухайн үед Е серийн паспортыг зургийг нь хуулж сольсон, бичиг баримтын хуудсыг өөрчилсөн зэрэг хуурамч үйлдлүүд, мөн буцах үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн зөрчлүүдийг илрүүлэн ажиллаж байлаа.


Шалгагч хүн гярхай, мэдрэмжтэй байх нь нэн чухал. Вагонд орж зорчигчдод хуудас тараан явахдаа хүмүүсийг анхааралтай ажиглаж, биеэ авч яваа байдал, сэжигтэй шинжийг нь ажиглан мэдэрч авдаг байсан.


Мөн хилийн албаны шалган нэвтрүүлэх чухал албыг хашиж байгаа хүн олон улсын гэрээ хэлэлцээр, чухал шаардлагатай бичиг баримтыг сайн мэдсэн судалсан байх шаардлагатай байдаг. Тухайн үед биднээс байнга шалгалт авдаг байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Холбоотой мэдээ