БАЯНХОНГОР: Байдрагт сарын турш -30 градусыг давж хүйтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-13 13:39:22

Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -3.7 градус, харин олон жилийн дунджийн орчим хүйтэн сар болжээ.

Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 1.9 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 15.3 хувиар бага, олон жилийн дунджаас 12.6 хувиар ахиу хур тунадас орсон бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн байна.

Агаарын үнэмлэхүй бага температур -30 градусыг давж хүйтэрсэн өдрийн тоо Баянхонгорын Байдрагт 25-31 өдөр ажиглагдсан бол агаарын даралтын үнэмлэхүй бага утга Баянхонгорын Баянбулагт 760.6гПа хүрсэн байна. Нэгдүгээр сард салхины хурд улсын хэмжээнд хамгийн их нь Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 31м/с хүрчээ.


Баянхонгор аймаг нь эрс тэс уур амьсгалтай. Олон жилийн дунджаар өвөл -20 -25 градус хүртэл хүйтэрдэг бол зундаа +18 +25 градус орчим дулаан байна. Жилийн хур тунадас багатай бөгөөд хуурайвтар уур амьсгалтай.


Баянхонгор аймгийн цаг уурын үндсэн үзүүлэлтүүдийн хувьд, өвөл хамгийн хүйтэн сар нь 1-2 дугаар сар бөгөөд шөнөдөө -30 градусаас давж хүйтрэх тохиолдол түгээмэл бол зун хамгийн дулаан нь 7-8 дугаар сард өдөртөө +30 градусаас дээш халах нь бий. Хавар, намрын улиралд салхи ихтэй, шороон шуурга шуурах нь элбэг.

Газарзүйн байрлалаас хамаарч хойд хэсэгтээ сэрүүн, өмнөд хэсэгтээ илүү дулаан, хуурай уур амьсгалтай байдаг онцлогтой.

Холбоотой мэдээ