СЭЛЭНГЭ: Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Мандал сумын Хэрх багийн фермер М.Батболд, гэргий Т.Одончимэг нарт
“Улсын аварга фермер”-ийн цол тэмдгийг Монгол Улсын
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гардуулан өглөө.
Сар шинийн босгон дээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, чанартай,
экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн дотоодын сүүний
үйлдвэрлэлийг тогтвортой хангахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж энэхүү
шагналыг олгосон байна.
М.Батболд 17 настайгаасаа
трактор, комбайны жолоочоор ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, 1993 оноос газар
тариалан, мал аж ахуйн салбарт 30 гаруй жил тууштай хөдөлмөрлөж байгаа Мандал
сумын анхны фермерүүдийн нэг юм.
11 хүүхдийн аав н.Монхоодой нь
Монгол Улсын хошой аварга, ах М.Ганболд нь Улсын аварга тариаланч, дүү нар нь
сум, аймгийн аварга малчид гээд үе удмаараа МАА, газар тариалангийн салбарт
хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа ажилсаг гэр бүл юм.
М.Батболд малынхаа үүлдэрлэг
байдал, ашиг шимийг сайжруулахад онцгой анхаарч, 2005 оноос сүүний чиглэлийн
үхэр өсгөн үржүүлжээ. Тухайлбал Талын улаан, Хар тарлан, Швицийн бор, Голштейн
зэрэг өндөр ашиг шимт үүлдрийн үхрийг нутагшуулан ашиг шимийг нь хүртэж байгаа
юм.
Эднийх нэг үнээнээс дунджаар
10-18 литр сүү сааж, өдөрт 500 орчим литр сүү, жилдээ 180 тонн сүүг “АПУ”
компанид нийлүүлдэг байна.
Энэ нь орон нутгийн төдийгүй
улсын хэмжээнд сүүний хангамжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр болж байгаа юм.
Улаанбаатар