Жилд 10 мянган тонн хуванцар дахин боловсруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хуванцар хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд жилд 18,500 тонн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай ч бодит байдал дээр 10 мянган тонныг боловсруулж байна.
Энэ нь дахин боловсруулах боломжтой нөөцийн ихэнхийг бүрэн
ашиглахгүй байгааг харуулж байна. БОУАӨЯ-ны мэдээлснээр, манай улс нэг хүнд
ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийн дээгүүр байр эзэлдэг нь хог
ангилан ялгах тогтолцоо, түүхий эдийн нийлүүлэлт, иргэдийн оролцоо хангалтгүй
байгаатай холбоотой ажээ. Иймд иргэд айл өрхүүд хогоо ангилж хэвшихээс гадна нэг
удаагийн хуванцар хэрэглээгээ багасгаж татгалзах нь хамгийн энгийн шийдэл юм.
Улсын хэмжээнд жилд 2.9-3.7 сая тонн үүнээс нийслэлд 1.4-1.5 сая тонн хог хаягдал гардаг байна. Улаанбаатар хотод хог хаягдлын бүтцийн судалгааг 2025 онд хийхэд нийт 1,830,355 тонн хог хаягдал үүссэний 16.3 хувийг хуванцарын хаягдал эзэлж байв.
Нийслэлд 2017 оноос хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах хөдөлгөөн эхлүүлснээр одоогоор ангилан ялгах 1071 цэг байгаа бөгөөд СӨХ-д байрласан цэг хамгийн их буюу ойролцоогоор 32 хувийг эзэлдэг ажээ.