Ө.Золбаяр: Дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, шилдэг 15 сургуулийн нэгд багтсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-02-10 10:52:03

Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын  10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Боловсролын салбарын “Аймгийн тэргүүний хамт олон”-оор Сүхбаатар сумын ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургууль шалгарлаа.

 

Тус хамт олон “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод тусгагдсан бодлого, чиглэлийг амжилттай хэрэгжүүлэн ажиллажээ.

 

Тодруулбал зөв менежмент, төлөвлөлтийг хийж, сургалтын таатай орчныг бүрдүүлэн, сурлагын чанарт ахиц гарган ажилласан байна.

 

Тус сургуулийн захирал Ө.Золбаяртай уулзаж, ажил үйлс, амжилтаас нь хуваалцлаа.

Юуны өмнө аймгийн тэргүүний хамт олон болсонд баяр хүргэе. Хийж, хэрэгжүүлсэн онцлог ажлуудаасаа хуваалцана уу?

-Баярлалаа. Сүүлийн жилүүдэд манай хамт олон сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөрт амжилттай хамрагдсан. Улсын хэмжээнд 2024-2025 онд зохион байгуулсан 120 сургууль дээр хэрэгжсэн энэ хөтөлбөрт манай сургууль хамрагдаж, дэд хөтөлбөрүүдийг амжилттай боловсруулан туршиж эхний 15 шилдэг сургуулийн нэгд багтсан.


Мөн бид өнгөрсөн онд зохион байгуулсан архив албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын зохион байгуулалтын улсын үзлэгт 80.6 хувиар хангалттай сайн үнэлгээ авсан.

 

Багш, сурагчдаа хөгжүүлэх чиглэлд ямар ажлуудыг хийсэн бэ?

-Багшийг хөгжүүлэх чиглэлээр манай сургуульд сүүлийн 2 жилийн дотор дөрвөн зөвлөх багш нэмэгдсэн. Энэ нь аймагтаа боловсролын салбарт нэг сургуульд 6 зөвлөх багштай топ сургууль болсон.

Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалгаат хичээлийг эхлүүлэх “Сайн хичээл” үйл ажиллагааг сургуульдаа зохион байгуулж байна. Үүнээс гадна байгаль орчин, мэдээллийн сургалтын төвтэй хамтран Германы Засгийн газраас 2027 он хүртэл хэрэгжүүлж буй байгалийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох 2, 3-р шатны төслүүдийг сургууль дээрээ амжилттай хэрэгжүүлж байна. 


Төслийн хүрээнд хүүхэд бүрд байгаль, экологийн ач холбогдлыг таниулах, байгалиа хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ