ОРХОН: ”Эрдэнэт 50 зүрх” төслийн эхний үзлэгт 34 хүүхэд хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. "Бундан" ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй "Эрдэнэт 50 зүрх" төслийн хүрээнд “Зүрх мартахгүй” багийнхан нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Орхон аймагт ажиллаж, доктор Б.Хашчулуун тэргүүтэй зүрх судас, цээжний хөндийн мэс заслын 13 эмч үзлэг, оношилгоо хийлээ.
Энэхүү төслийн зорилго нь Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд 50 бяцхан зүрхийг эрүүл болгох бөгөөд нэгдүгээр ээлжийн үзлэгт 34 хүүхэд хамрагджээ.
Хүүхдүүдийн мэдээллийг хүлээн авч, дэмжлэгт хяналт хийсний үр дүнд харьяаллын бус 1 хүүхэд, зүрхний цоорхой нь битүүрсэн тул хагалгаанд орох шаардлагагүй 2 хүүхэд, Сонгдо эмнэлэгт үзүүлсэн боловч онош батлагдаагүй 1 хүүхэд, мөн зүрхний хагалгааны заалтгүй 1 хүүхэд байгаа ажээ.
Шинэ оны өмнө "Эрдэнэт 50 зүрх" төслийн анхны мэс заслыг амжилттай хийж, 2 настай Г.Урин охин бүрэн эдгэрчээ. Түүний эмчилгээний 10 сая төгрөгийн зардлыг аймгийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлан бүрдүүлжээ.
