ОРХОН: Өвлийн хүлэмжийн дэвшилтэт технологийг нутагшуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр өнөөдөр БНСУ-ын “Агротек” ХХК-ийн захирал Ли Сон Чун болон компанийн бие төлөөлөгч Н.Алтанцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар өвлийн хүлэмжийн дэвшилтэт технологийг нутагшуулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Орхон аймгийн нутаг дэвсгэрт 20 га газарт экспортын ухаалаг хүлэмжийн цогцолбор байгуулахаар зорьж байна. Тус цогцолбор нь дөрвөн улирлын турш тариалалт хийх боломжтой ухаалаг болон үржүүлгийн хүлэмж, задгай талбайн тариалалт хийхээр төлөвлөжээ.
Хүлэмжийн угсралтаас эхлээд ажиллах ажилтан, инженер, техникийн ажилчдыг орон нутагт цогцоор нь бэлтгэнэ.
Орхон аймагт 300 орчим өрх, 13 аж ахуйн нэгж газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. Хамтын ажиллагааны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд сургалт, зөвлөгөө өгөх, тариалсан бүтээгдэхүүнээ ОХУ-руу экспортлох, БНСУ-д туршлага судлуулах, улирлын чанартай газар тариалангийн салбарт ажиллах гэрээт ажилтан бэлтгэх зэрэг ажлыг зохион байгуулахаар зорьж байна.
Мөн “Агротек” ХХК Монгол Улсаас 20 оюутныг Ансон хотын "Dawoon" ШУТИС-д хөдөө аж ахуйн чиглэлээр 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулж, боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөжээ. Үүний тав нь Орхон аймгийн залуус байгаа гэдгийг дуулгалаа.

