Австрийн технологийн компани Сэлэнгэ аймагт усалгааны систем нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-02-09 10:41:44

Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын  9 /МОНЦАМЭ/. Австрийн дэвшилтэт технологийн компанийн удирдлагуудыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар тус компаниас Сэлэнгэ аймгийн газар тариалан эрхлэгчдэд усалгааны системийн тоног төхөөрөмжийг урт хугацаатай, хүүгүй зээлээр олгоход хамтран ажиллах саналыг аймгийн удирдлагуудад тавилаа.   

 

Засаг дарга Н.Лхагвадорж, Манай аймгийн газар тариалангийн салбарынхны тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг бол усалгаа байдаг. Усалгааны системийн хүртээмжийг нэмэгдүүлснээр га-гаас авах ургацын хэмжээ нэмэгдэх, газрын үр ашгийг дээшлүүлэх, ган гачгийн эрсдэлийн үед ургац алдахгүй байх зэрэг чухал ач холбогдолтой байдаг. Иймээс танай компанитай газар тариалан, мод үржүүлгийн чиглэлд цаашид хамтран ажиллах саналтай байна хэмээлээ.  

 

Тус компани нь эмнэлгийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, усалгааны системийн үйлдвэрлэлийг эрхэлдэг байна. Мөн "ус бага зарцуулдаг төхөөрөмж"-ийн гэрчилгээтэй, ижил төрлийн үйлдвэрлэгчдээс 2-3 дахин хямд боловч европ стандартыг хангасан тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэдэг онцлог давуу талтай гэдгээ уулзалтын үеэр компанийн удирдлагууд танилцууллаа.  

Холбоотой мэдээ