ӨМНӨГОВЬ: Б.Элдэв-Очир 24 жил тэмээн сүргээ маллан, уяачийн ур чадвараа өвлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны хоёрдугаар 2 /МОНЦАМЭ/. “Түмэн тэмээний баяр-2026” уламжлалт үйл ажиллагааг энэ сарын 6–8-ны өдрүүдэд 29 дэх жилдээ зохион байгуулна.
Өмнөговь аймгийн Номгон сумын аймгийн “Алдарт уяач” Бөнжийн Элдэв-Очир 1980 онд малчин айлын гэр бүлд төрж өссөн. 1992 онд 4 дүгээр ангиа төгссөнийхөө дараа өвөө Ц.Цэдэнхүү /аймгийн хошой аварга тэмээчин/, эмээ Д.Балжинням нарынхаа дэргэд мал маллах арга ухаанд суралцан өдгөө ч буянт сүргийг нь үргэлжлүүлэн маллаж байгаа үе дамжсан тэмээчин, малчин юм.
Тэрээр
2010 онд өрх тусгаарлан, тэмээ уяж таван хошуу малаа маллан, одоогийн байдлаар
Номгон сумын Дэрсэн-Ус баг буюу монгол орны өмнөд хилийн заагт амьдарч
байна.
Энэ хугацаанд таван хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, мал маллах арга ухаанд сургажээ. Түүний нөр их хөдөлмөрийн үр дүнгээр 2014 онд сумын “Аварга малчин”, 2016 онд аймгийн “Алдарт уяач”, 2018 онд аймгийн “Аварга малчин” цол тэмдгээр шагнуулжээ.
Улмаар хоёр бөхтэй тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд шилмэл буурыг Баянхонгор аймгаас сонгон авч, орон нутагтаа нутагшуулжээ. Мөн 2002 оноос эхлэн Номгон сумынхаа хурдан тэмээг сум, аймаг, бүс, улсын тэмээний баяр болон буухиа тэмцээнүүдэд сойж, баг бүрдүүлэн оролцуулж, 70 гаруй медаль хүртжээ.
Өмнөговь аймгийн Номгон сумын аймгийн “Алдарт уяач” Б.Элдэв-Очир 24 жил тасралтгүй тэмээн сүргээ маллаж, уялга, сойлгод бэлтгэж иржээ.