Э.Ганцэцэг: Багадаа ахынхаа уран зохиолын номыг орой бүр уншдаг байсан нь багш мэргэжлийг сонгох суурь болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-01-29 11:41:56

                                                                      -"Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдааны III байрын шагналтан


Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн Монгол хэл бичиг, уран зохиолын багш Э.Ганцэцэгтэй ярилцлаа. Тэрээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдааны гуравдугаар байрын шагналыг хүртсэн юм.


-Та "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдаанд ямар бүтээлтэй хэрхэн оролцов?

-Миний бие жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдаанд “Оройгүй сүм” романы агуулга, үзэл санааг тусгасан эхийг хулсан үзгээр уран бичлэгийн хэлбэрээр бичиж оролцлоо. Тус бүтээлээрээ гуравдугаар байрыг эзэлсэндээ туйлын их баяртай байна.


-Монголын сайхан бичигтэн уралдаанд анх яагаад оролцох болсон бэ?

-Өмнөговь аймгийн Боловсролын газрын Монгол хэлний мэргэжилтэн Ү.Мөнхбалжир багшаасаа уран бичлэгийг сурсан. Багш маань хулсан үзгээр уран бичдэг. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд байнга амжилттай оролцож байсан. Түүний хичээл зүтгэл, чадварыг даган, анх хулсан үзгээр хичээллэж эхэлснээс хойш энэхүү уралдаанд оролцох болсон. Энэ уралдааныг эх хэлээ сэргээн хөгжүүлэх, олон хүмүүсийн бүтээлийг нийтэд түгээх гайхалтай боломж гэж үздэг.


-Юу нь илүү анхаарал татсан бэ?

-Оюутан байхдаа бүтээлүүдийн үзэсгэлэнг үзэж байсан. Тэр үеэс эхлэн бүтээл хийж оролцох хүсэл маш их төрсөн бөгөөд үнэхээр анхаарал татахуйц сайхан бүтээлүүдийг хараад ихээхэн урам зориг авсан юм. Мөн би цахимаар багш нар, уран бүтээлчид болон сурагчдын бүтээлийг харж, шинэ санаа, урам авдаг.


-Энэ удаагийн уралдаанд "Оройгүй сүм" зохиолыг яагаад сонгож бичсэн бэ?

-“Од мөндөр” шинжлэх ухаан, танин мэдэхүйн сувгийг сонсож байгаад Лодонгийн Түдэв гуайн бишрэм амьдралыг мэдэж, “Оройгүй сүм” романы агуулга, үзэл санааны тухай бичихээр шийдсэн. Оюутан байхдаа энэхүү романыг уншиж байсан учраас сэтгэлд ойр санагдаж, зохиолыг сонгож бичсэн.


-Та энэ чиглэлээр шавь бэлтгэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Саяхнаас сургуулийнхаа монгол хэл, бичиг сонирхдог сурагчдын дунд уран бичлэгийн дугуйлан хичээллүүлж байна. Хүүхдүүд их идэвхтэй суралцаж, тоо нэмэгдсээр байна. Хичээнгүйлэн ажиллаж, шавь нараа сайн бэлтгээд дараагийн “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцуулахыг мөрөөддөг бөгөөд олон авьяаслаг шавьтай болно гэдэгтээ итгэлтэй байгаа. 


-Уран бичлэгийг ямар ямар төрлөөр бичдэг вэ? Бичлэгийн онцлог, давуу тал юу вэ?

-Бийр болон хулсан үзгээр бичдэг. Миний бичлэгийн онцлог нь хичээнгүй, нямбай цэвэр бичихийг эрхэмлэдэгт оршдог бөгөөд Монголын уран зохиолын чиглэлээр сэдвээ сонгон бичдэг.

-Монгол бичиг, хэл уран зохиолын сайн багш гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Багш хүн өөрийн үг, үйлдлээрээ шавь нартаа ямагт үлгэр дуурайлал үзүүлж байх учиртай. Эх хэлээрээ зөв уншиж, бичих чадвартай, үүх түүхээ танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй монгол иргэнийг төлөвшүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүн гэж боддог.


-Та яагаад Монгол бичиг, хэл уран зохиолын багш мэргэжлийг сонгохоор шийдсэн бэ? Энэ замыг сонгоход танд үлгэр дуурайлал болсон хүн хэн бэ?

-Би багадаа ахынхаа уран зохиолын номыг орой бүр уншдаг байсан нь энэхүү мэргэжлийг сонгох суурь болсон. Шүлэг зохиох, уран зохиолын ном унших дуртай хүүхэд байлаа. Харин багш болох хүслийг минь дунд ангийн монгол хэлний Б.Шинэсар багш минь төрүүлсэн юм. Өндөр нуруутай, цээл хоолойтой, шинэ содон зүйлсийг зааж сургадаг багш маань намайг үргэлж дэмжиж, уралдаан тэмцээнд дагуулан явдаг байсан. Би багшаараа үргэлж бахархаж явдаг.

-Монгол бичиг ирээдүйдээ тээж явах зайлшгүй өв мөн үү?

-Эх хэл, соёл гэдэг хүн бүрийн оюун санааны хамгийн үнэт эрдэнэ. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх шийдвэр хэрэгжиж эхэлсэн нь монгол бичгийн үнэ цэн, ач холбогдлыг улам тодотгож байна. Монгол бичиг нь бидний түүх, 1000 гаруй жилийн оюун санааны өвийг тээсэн бичиг тул хүн бүр сурах нь зайлшгүй шаардлага юм.


“Хос бичигтэн-Өмнөговь” аяны хүрээнд аймгийн төвийн зарим байгууллагад үндэсний бичгийн хичээл зааж, төрийн албан хаагчид энэхүү өвийг сурах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, дуртай оролцож байгааг хараад маш их урам зориг төрсөн. Энэ нь монгол бичгийн үнэ цэн зөвхөн ном, хичээлийн танхимд төдийгүй бидний өдөр тутмын ажил, амьдралд чухал болохыг харуулж байна.


-Эх хэл, үндэсний бичиг хүний дотоод ертөнц, сэтгэлгээ, зан чанарт хэрхэн нөлөөлдөг вэ?

-Босоо монгол бичгээр бичгээр бичиж байгаа хүн төлөвшихөөс гадна хичээнгүй, тууштай нямбай зан чанарыг аажмаар эзэмшдэг. Мөн уран бичлэг нь төсөөлөн бодох чадварыг тэлж, оюун санааг баяжуулдаг учраас үндэсний бичгээ эрхэмлэн сурах нь хүний дотоод ертөнцийг хөглөж, зан чанарыг ч мөн төлөвшүүлдэг.


-Хэл, соёлоо алдах нь бидний ирээдүйд ямар үр дагавар авчрах вэ?

-Эх хэлээ алдвал үндэсний бахархал суларч, түүх, соёлоо алдахад хүрч, улмаар үндэстний мөхөлд ч хүргэж болзошгүй тул хүн бүр эх хэл, бичгээ хайрлан хамгаалж, сурч боловсрох нь иргэний үүрэг юм.

-Монгол бичгийн сургалт залуучуудын ухамсар, харилцаанд хэрхэн тустай вэ?

-Сүүлийн үед монгол бичгийг сурах хүсэл эрмэлзэл нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Өнөөдөр "Youtube”-ээс үсгээс нь эхлээд сурах төрөл бүрийн хичээл, цахим толь бичиг, бусад хэрэгслийг ашиглаж болохоор болсон. Мөн дууны үг, эшлэлүүдийг монгол бичгээр бичиж, өнгө, загварт оруулсан бичлэгүүд олон хандалт авч, сонирхлыг нэмэгдүүлж байна.


-Хамгийн дуртай монгол зохиолч, бүтээлээ нэрлэнэ үү?

-Уран зохиолын ном унших дуртай. Түүний дундаас Ш.Шажинбатын “Элс цас” романыг хамгийн их шимтэн уншсан. Сүүлийн үед Б.Баясгалан, Мө.Батбаярын орчуулгын номуудыг уншиж байна.


-Хэл, уран зохиолын хичээлд сурагчдын сонирхлыг татахын тулд ямар аргыг хэрэглэдэг вэ?

-Хичээлээ заахдаа сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэхийг илүүд үздэг. Өөрөө ярих бус, сурагчдыг мэдлэг бүтээх үйл явцад оролцуулахыг зорьдог. Нэг үгээр хэлбэл, сурагчдын оролцоог хамгийн их чухалчилдаг.


-Багшийн мэргэжлээр ажиллахад хамгийн их баяр баяслыг төрүүлдэг зүйл нь юу вэ?

-Шавь нараасаа сэтгэлийн үгтэй захидлууд аваад сэтгэл их хөдөлдөг. Хүүхдүүдийнхээ өгсөн захидлуудыг хайрцагт хийгээд хадгалж байгаа. Шавь нарынхаа алдаагүй, цэвэр сайхан бичих, зөв унших, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хараад маш их бахархдаг. Тэдний амжилт л багш хүний хамгийн том бахархал даа.


-Анхны хичээл зааж байсан дурсамжаасаа хуваалцвал? 

-Үндэсний бичгийн зурлагуудаа самбарт бичиж байтал 6 дугаар ангийн сурагчид маань ангиараа “үү, үү” гэж уулга алдаж билээ. Дунд ангид ороод олон хичээл үзэж яваа хүүхдүүдэд үндэсний бичгийн зурлагууд их сонирхолтой санагдсан байх. Одоо бодохоор тэр мөч инээд хүргэж, дурсамжтай санагддаг.


-Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд тулгарч буй гол бэрхшээл юу вэ?

-Монгол бичгийг дунд ангиасаа эхлэн сураад одоог хүртэл судалсаар л явна. Цаашдаа сурах зүйл маш их байна. Би сурагчдадаа чадахгүй гэж хойш суулгүй, тасралтгүй суралцсаар байгаасай гэж хүсдэг. Гадаах хаягуудыг англи, кирилл, үндэсний бичгээр нэгэн жигд бичиж, өдөр тутмын хэрэглээндээ ашиглавал бэрхшээл гарахгүй гэж бодож байна.


-Залуусыг монгол хэлээрээ ярих, бичих соёл доройтож байна гэж шүүмжилдэг. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Сүүлийн жилүүдэд монгол бичгийг дэмжсэн үйл ажиллагааг харьцангуй идэвхтэй зохион байгуулж, холбогдох хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Гэхдээ эдгээр ажлыг илүү нягт зохион байгуулж, залуус бүр сайн сурах хэрэгтэй. Олны дунд янз бүрийн бодолтой хүмүүс их байдаг ч, миний хувьд өөрт байгаа боломжоо ашиглаад хичээллэж буй 100-150 хүүхдийг зөв төлөвшүүлэхийг зорьж байна. Өдөр тутмын ярианд хүртэл гадаад хэлний үгс цөөнгүй сонсогдох болсон тул хүн бүр өөрийн эх хэлээ эзний ёсоор судалж, хэрэглээсэй гэж би хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ