"Мянга нэгэн шөнийн үлгэр"-ийг уншаад багш нарын хурлаар орж байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-01-30 16:35:57

2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Ном уншихад таван мэдрэхүй ажилладаг. Харж уншина, ярьж уншихаар сонсгол ажиллана, хуудас эргүүлэхдээ хуруугаа норгож амтална, шинэ номын хуудсыг үнэрлэнэ. Дээр үеийн шар хуудастай хуучин номууд их гоё үнэртэй. Хааяа үнэрлэхээр таньдаг хүн шиг дотно санагддаг юм. Одооны номуудыг сайхан сайхан цаасан дээр хэвлэж байгаа ч тэр мэдрэмжийг өгдөггүй. Тэгээд ном их уншдаг хүн сэтгэн бодох, орчинтой харилцах чадвартай болдог.


Би багаасаа ном унших дуртай байсан. Анх найман настай байхдаа "Муурын байшин" гэх зохиолыг уншаад номд дурлаж, 69 насалтлаа номын сангаас салсангүй. Ээж “Лааны гарз, унт” гэж загнахаар нь хөнжил дотроо гар чийдэн тусгаж уншиж байгаад баригддаг байлаа. "Мянга нэгэн шөнийн үлгэр", "Миний хонгор бүсгүй" гэх номыг 8 дугаар ангидаа уншлаа гэж багш нарын зөвлөгөөний хурлаар орж байсан юм. 


Зөвлөлт, Монголын алтан үеийн зохиолуудыг бүгдийг уншиж дуусгасан. Дэлхийн алдарт зохиолчдын ихэнх номыг уншлаа. Түрүүчээс нь мартаад уншсан номоо дахиж уншчих гээд байх юм. Сүүлийн үед Б.Сарантуяа, Х.Дуламсүрэн, Б.Баярхүү гээд залуу зохиолчдын адал явдалт зохиол, бүтээлийг уншиж байна. Номд донтоод өвчин тусна гэж байхгүй шүү дээ.


Ахмад багш Д.Төмөрбат

Холбоотой мэдээ