Тэмээ судлалын салбарт гурван эрдэмтэн Өмнөговь аймгаас төрсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-01-22 12:26:26

Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг тэмээн сүргийн тоо толгойгоор улсад тэргүүлж, 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 155 мянга гаруй тэмээ тоолуулсан юм.


Аймгийн үе үеийн удирдлагууд тэмээний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, мөн тэмээ судлалыг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

 

Өмнөговь аймгаас өнөөдрийн байдлаар гурван тэмээ судлаач төрөн гарчээ. Тодруулбал, Баяндалай сумын уугуул Балжирын Лувсан агсан 1971 онд Алматы хотод “Говь цөлийн нөхцөлд Монголын хоёр бөхт тэмээний биологийн зарим чанар ба аж ахуйн ашигт чанар” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан бол Сэврэй сумын уугуул, тэмээ судлаач, ХАА-н ухааны доктор, Монгол Улсын зөвлөх мал зүйч Т.Балдан “Монгол тэмээний үндсэн сайжруулагч үүлдэр болох ‘Ханын хэцийн хүрэн’ болон ‘Галбын говийн улаан’ үүлдрүүдийг илрүүлэн баталгаажуулахад оролцсон” эрдэмтэн юм.

 

Гурав дахь нь Сэврэй сумын уугуул, мал зүйч, Мал эмнэлгийн ухааны доктор Өлгийтийн Эрдэнэбилэг бөгөөд тэрээр “Монгол тэмээний физиологи, биохимийн судалгаа, тэдгээрийн өвчин эмгэгийн үед үзүүлэх өөрчлөлт” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ.


Өмнөговь аймаг орон нутгийн бодлогын хүрээнд орон нутагт ажиллаж буй мал зүйч, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, мөн тэмээн судлалын эрдэм шинжилгээ, судалгааг орон нутагтаа хэрэгжүүлэх зорилгоор улсдаа анхлан “Тэмээ судлалын төв”-ийг байгуулжээ.


Холбоотой мэдээ