ДАРХАН-УУЛ: Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 101 иргэн бэртэж гэмтжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн тасгийн дарга П.Борхүү өнөөдөр зам тээврийн осол, дуудлагын талаар мэдээлэл хийлээ.
Замын цагдаагийн тасагт 2025 онд 243 дуудлага
мэдээлэл ирсэн нь 2024 оныхтой харьцуулахад 26.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийт дуудлага мэдээллийн дагуу ажиллахад зам тээврийн ослын улмаас 101 иргэн бэртэж гэмтсэнээс 14 нь нас баржээ. Бэртэж гэмтсэн, нас барсан иргэдийн мэдээлэл 2024 оныхтой харьцуулахад 2.5 дахин өссөн байна.
101 тохиолдлын 30 орчим хувь нь бага насны хүүхэд өртөж эрүүл мэндээрээ хохирчээ.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1842 тохиолдол, эрх хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 183 тохиолдол бүртгэгджээ.
Зам тээврийн осол улирлын байдлаас шалтгаалан төрлөөрөө өөр өөр байдаг ажээ. Тухайлбал өвлийн улиралд халтиргаа гулгаанаас үүдэн авто машинууд мөргөлдөх, шүргэлцэх, замын хөвөө давж гулгах, бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс шалтгаалдаг. Дулааны улиралд хурд хэтрүүлэх, тэмдэг, тэмдэглэгээг үл анзаарах зэргээс шалтгаалан дуудлага ирдэг байна.
Дархан-Уул
аймгийн хэмжээнд дуудлага, мэдээлэл жил бүр өсөж байгаа нэг шалтгаан нь олон
улсын зам дагуу байрлалтай, дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэг, газар
нутагт болсон зам тээврийн ослын тохиолдол бүр нь бүртгэгддэг учир ийнхүү өсдөг ажээ.
Улаанбаатар