Сүхбаатар сумын ИТХ-ын даргаар Ц.Ариунтуяа сонгогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-07 22:36:08

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр МАН-ын 19 төлөөлөгч, АН-ын 12 төлөөлөгч иргэд сонгогчдын саналаар тус тус сонгогдсон билээ.

Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Анхдугаар хуралдаанаар бүрэн эрх нь хүчин төгөлдөр болсон шинэ төлөөлөгчдөд энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулан өглөө. Хуралдааны дарааллын дагуу сумын ИТХ-ын даргыг сонгох санал хураалтыг явуулж олонх болох МАН-ын бүлгийн төлөөлөгч Ц.Ариунтуяа 29 төлөөлөгч буюу 93.5 хувийн саналаар Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдлоо. Мөн Сүхбаатар сумын Засаг даргаар МАН-ын бүлгийн төлөөлөгч Т.Гантулга 25 төлөөлөгчийн буюу 80.6 хувийн саналаар нэр дэвшин аймгийн Засаг даргад батламжлуулахаар өргөн барихаар шийдвэрлэлээ. Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр: Ц.Ариунтуяа /МАН/, Б.Баяртогтох /МАН/, О.Ганзориг /МАН/, Ц.Мөнхдорж /МАН/, А.Мөнхтуяа /МАН/, Х.Батсайхан /АН/, Д.Бат-Эрдэнэ /АН/ тус тус сонгогдон ажиллахаар боллоо.

Дашрамд дуулгахад өмнөх дөрвөн удаагийн сонгуульд Сүхбаатар суманд АН үнэлэхүй ялалт байгуулан сумын ИТХ болон Засаг даргын албыг үүрч ирсэн юм. Энэ удаа Сүхбаатар суманд МАН ялалт байгуулсанаар ийнхүү сумын удирдлага МАН-ын талд шилжлээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ