БАЯН-ӨЛГИЙ: "Курбан айт" баярыг гурав хоног тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-06-07 18:44:11

Өлгий, 2025 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ислам шашинтны өргөн дэлгэр тэмдэглэдэг хоёр баяр байдаг бөгөөд нэг нь “Ораза айт” буюу бүтэн сар мацаг барьж дуусаад тэмдэглэдэг баяр бол, өнөөдөр эхэлсэн “Курбан айт” баяраар айл бүр хонь, үхрээр өргөл барьж амьдралын түвшин доогуур хүмүүст тараадаг. Түүнчлэн “Курбан айт” баяр нь энх тайван эв нэгдэл, аз жаргалыг бэлгэддэг.


Мусульман шашинтнууд Курбан баярыг 3 хоног тэмдэглэнэ.

 

Энэ баяраар бэл бэнчинтэй мусульман хүн болгон курбаны мал гаргаж махыг нь бусадтай хуваалцах, бусдыг зооглуулах зарчимтай. 

 

Баян-Өлгий аймгаас энэ өдрүүдэд 30 гаруй хүн Арабын Мекка хот дахь Аллахын ариун ордон Кагбаад “хажы” мөргөл үйлдэхээр явсан байна. Тэд мөн адил курбан гаргана.

 

Бусад орнуудаас ч курбаны өргөл ирж Баян-Өлгий аймгийн болон Монголын өнцөг буланд амьдран суугаа мусульман шашинтай иргэдэд тараах юм. Тус аймагт иргэд арван мянгаас дутуугүй толгой мал гаргадаг гэсэн судалгааг шашны байгууллагууд гаргажээ.

 


Холбоотой мэдээ