Туркмен хивс, гар урлалын бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-02 15:32:33

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 МОНЦАМЭ/. Туркменистан Улсын гар урлалын бүтээгдэхүүн болон уламжлалт хивсний үзэсгэлэн МҮХАҮТ-д өнөөдөр  болж байна.


Энэхүү үзэсгэлэн Монгол-Туркменистаны соёлын харилцааг гүнзгийрүүлж, гар урлалын үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, харилцан суралцах, соёлын солилцоог дэмжих ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид тодотгож байна.


Туркмен гар урлалын хивс, уламжлалт үндэсний хувцас, гоёл чимэглэл, угсаатны соёлыг олон нийтэд таниулах зорилготой энэ удаагийн үзэсгэлэнд тус улсын таван үйлдвэрийн төрөл бүрийн хэмжээтэй торгон болон хонины ноосон нийт 30 гаруй гар хийцийн хивсийг дэлгэжээ.


Туркмен хивс нь олон зууны түүхтэй, маш нарийн ажиллагаа шаарддаг уламжлалт гар урлалын бүтээл юм. Энэ нь Туркмен ард түмний оюун ухаан, тэсвэр тэвчээр, гоо зүйн мэдрэмжийг илэрхийлдэг аж. Хивс нэхэх үйл явц нь малын ноос эсвэл торгоны утсыг гар аргаар будах, хатаах, хээ угалзын дагуу зангилаа зангидаж нэхэх зэрэг олон үе шаттай.


Туркменистан Улсын музейн ажилтан Гожмурат Чарыев ярихдаа, “Хивс болон гар урлалын бүтээгдэхүүний энэхүү үзэсгэлэнг Монгол, Туркменистан Улсын харилцааг улам бэхжүүлэхэд зориулж гаргасан. Манай хоёр орон соёл урлагийн салбарт төдийгүй бүх салбарт харилцаагаа өргөжүүлэхийг зорьж буй. Үзэсгэлэн худалдаанд XVII зууны Туркменистан Улсын музейн хувцас, гоёл чимэглэлээс гадна гар урлалаараа дэлхийд алдартай Туркмен хивсээрээ оролцож байна” гэв.


Тэгвэл “Натурал текстайл” групп компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ө.Болор-Эрдэнэ ярихдаа, “Монгол Туркменистаны бизнес форумын хүрээнд зохион байгуулж буй эл үзэсгэлэнд Монгол Улсаас Улаанбаатар, Эрдэнэт компанийн хивс оролцож байна. Манай орны үндэсний үйлдвэрлэл нь монгол хонины ноосыг анхан шатнаас эцсийн бүтээгдэхүүн хүртэл өөрсдийн үйлдвэрлэлийг шат дамжлагаар хийдэг онцлогтой, байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм" гэв.


Мөн энэ үеэр "Эрдэнэт хивс", "Улаанбаатар хивс", "Цэн трэвэл" зэрэг аж ахуйн нэгж арьс шир, хивс, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ дэлгэсэн байлаа. 







Холбоотой мэдээ