"Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй" ном уншигчдын хүртээл болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “The State and Legal Traditions of Mongolia: An Historical Overview” болон "Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй" номын нээлт өчигдөр боллоо.
Шихихутуг их сургуулийн зөвлөх профессор, академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар, Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан нарын хамтын “Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал” бүтээлийг орчуулагч, дипломатч Ч.Бүрэнбаяр “The State and Legal Traditions of Mongolia: An Historical Overview” нэрээр орчуулан олон улсын зах зээлд борлуулж эхэллээ. Тус номыг Нидерландын Хааг хотод төвтэй Melrose Legal Publishers хэвлэлийн газар англи хэлээр хэвлэжээ.
1996 онд анх хэвлүүлсэн эл бүтээл Монгол Улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын суралцагч, судлаачдын судалгааны нэн хэрэгцээт эх сурвалж, “ширээний” ном нь болж 1998 онд Шинжлэх Ухаан Технологийн сангийн шилдэг бүтээлээр шалгарч байсан бол 2008 онд Японы шашин, нийгмийн нэрт зүтгэлтэн Кэриямагийн нэрэмжит шагнал хүртэж байжээ.
Мөн хууль зүйн их, дээд сургуулиудын Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлийн анхны сурах бичгийн нэг болж 1996 онд хэвлэгдэж байсан “Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй” сурах бичиг гурав дахь удаагийн хэвлэлтээс гарч уншигчдад хүрч байна. Тус бүтээлийг Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Шихихутуг их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар нар хамтран бичжээ. Монгол Улсын хууль зүйн боловсрол олгож буй их, дээд сургуулиудын суурь сурах бичиг болсон энэхүү ном Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим, үнэт зүйлсийг тайлбарлан таниулах замаар эрх зүйн сэтгэлгээг хөгжүүлж, онол-практикийн анализ хийх чадамжийг төлөвшүүлэх юм.