ХӨВСГӨЛ: Бошлой хадыг хайр дурлалын бэлгэдэл гэж нэрлэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бэлтэс, Дэлгэрмөрөн голын бэлчирт Бошлой хэмээх домогт хад бий.
Бошлой хад Баянзүрх сумын төвөөс баруун зүгт 12 км-т байдаг бөгөөд нутгийн иргэдийн дунд хайр дурлалын бэлгэдэл гэж яригддаг домогтой учраас аялагчид ялангуяа хосууд зорин очиж зургаа авхуулдаг болжээ.
Бошлой хадны домог
Эрт урьд цагт ядуу амьдралтай Бошлой хэмээх залуу долоон улаан ямаатай, ганганахаас ганц нохойтой, хангинахаас ганц хайван тогоотой, хамгаас үзэсгэлэнт эхнэртэйгээ Дэлгэр мөрний дэнжид аж төрөн амьдарч байжээ.
Бошлойн саахалт баян чинээлэг ноён Чойжоо гэдэг хүүтэй байжээ.
Тэр нь Бошлойн үзэсгэлэнт эхнэрт дурлажээ.
Нэгэн өглөө туйлын гүндүүгүй, хар бор санаагүй Бошлойнд Чойжоо ирж ёрдойн харагдах тэр хаданд ёл шувуу өндөглөсөн байна.
Ёлын өндөг шиг үнэт эрдэнэ ертөнцөд хаа байх билээ.
Хоёулаа очиж хувааж авъя гэсэнд зөвшөөрөн хана, сур зэргийг бэлтгэн аваад хадан хясааны оройд гарч ирээд Чойжоо Бошлойг хананд хүлж доошлуулан агуйд хүрмэгц сураа тавьж орхин оджээ.
Бошлойг агуйд ормогц бүргэдийн 2 цагцаахай байжээ.
Тэр өдрөөс хойш олон сар хоног өнгөрч бүргэдийн цагцаахай нисэн одох болсонд сураа зүсэж 2 тор хийгээд түүн дотроо цагцаахайгаа сурны 2 үзүүрт холбон өөрөө дунд нь дүүжлэгдэн бууж ирлээ.
Бүргэдийн 2 цагцаахай Бошлойд дасан салахгүй дагаад байхаар нь бэлчиж явсан адуунаас нэгэн унага төхөөрч өгөөд гэрийн зүг явжээ.
Гэртээ ирэхэд ньЧойжоо эхнэрийг нь аваад хурим найр хийж байжээ.
Бошлой хуриманд ороод хатавчинд би ая барьж болохсон болов уу? гэсэнд бүгд толгой дохин зөвшөөрчээ. Бошлой дуулжээ.
Тойроод суусан зонгууд нь
Толгой дараалан нэртэй дээ
Тогтоож байгаа хундага минь
Томоогүй багын учралтайдаа
Найрлаж суугаа зонгууд нь
Намтар түүхтэй хүмүүс дээ
Надад бариулсан хундага нь
Насан багын учралтай даа
Хар санаатанд өртөгдөж
Хадан хясаанд амьдарлаа даа
Бүргэдийн хоёр цагцаахай минь
Халин нисэж явлаа даа
Бардам санаатанд мэхлэгдэн
Байц хясаанд байлаа даа
Бүргэдийн хоёр цагцаахай минь
Дэвэн нисэж явлаа даа
гэж ая өргөөд гэрээс гарч одоход дууны нарийн утгыг
ойлгосон бүсгүй огт танигдахааргүй болтлоо ядарч, зүдэрсэн нөхрийнхөө араас
уйлан гүйн очиж Бошлойтойгоо амьдарсан
түүхтэй юм.