ДУНДГОВЬ: Иргэдийн спортын наадмыг 7 төрлөөр зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, аймгийн спортын холбоодтой хамтран энэ сарын 8-10-нд Иргэдийн спортын наадмыг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Монгол Улсын Засгийн газрын Бүсчилсэн хөгжлийн бодлогын
хүрээнд бүс, орон нутгийн нэгдмэл
байдлыг бэхжүүлэх, бүсүүдийн хамтын ажиллагааг спортоор дамжуулан өргөжүүлэх,
үндэсний болон спортоор хичээллэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг бүхий иргэдийн
тоог нэмэгдүүлэх зорилгоор тус наадмыг зохион байгуулж байна.
Спортын наадамд аймгийн 15 сумын баруун, зүүн, төвийн
бүсийн тэмцээнээс шалгарсан тамирчид оролцох ба үндэсний бөх, сур харваа,
шагайн харваа, ширээний теннис, шатар, волейбол, сагсан бөмбөг гэсэн төрлөөр
аваргуудаа шалгаруулах юм.
Тэмцээний дээрх төрлүүдээс сагс, ширээний теннис, волейболын тэмцээнийг 19-30 насны залуучууд, 31-44 насны идэрчүүд, 45-аас дээш насны ахмад гэсэн ангиллаар зохион байгуулах бол шагайн харваа, үндэсний сур харвааны тэмцээнийг залуучууд, идэрчүүд гэсэн насны ангиллаар явуулна. Харин шатар, үндэсний бөхийн тэмцээнд зөвхөн 18-аас дээш насны иргэд оролцоно.
Тус наадмын тэмцээнээс шалгарсан тамирчид энэ сарын
16-18-нд Дорноговь аймагт зохион байгуулах Говийн бүсийн спортын их наадамд
оролцох юм.