Улсын заан Б.Бат-Өлзий энэ улиралд хоёр дахиа түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-05 10:44:02

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол Улсын начин И.Мөнхбаатарын нэрэмжит “Хан Жаргалант хайрханы хишиг” барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын начин Э.Батмагнай үзүүрлэв.


Улсын заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд энэ улирлын хоёр, карьерынхаа 31 дэх түрүүг авч байна. Харин Э.Батмагнай тав дахиа үзүүрлэлээ. Энэ удаа тэр хоёр өдөр дараалан үзүүрлэснээрээ онцлогтой. Барилдааны дараа улсын заан Б.Бат-Өлзий “Залуу начинтай хоёр өдөр дараалж хүч шавхан барилдлаа. Өчигдөр /бямба гараг/ унасан бол өнөөдөр /өчигдөр/ даагаа нэхлээ. Бөхчүүдийн бэлтгэл сургуулилалт жигдрээд сайхан болсон байна. Би энэ сард бүх барилдаандаа оролцох төлөвлөгөөтэй байгаа. Ховд аймгийн бөхийн өлгий болсон Чандмань сумынхаа 100 жил, улсын начин И.Мөнхбаатар ахынхаа нэрэмжит барилдаанд түрүүлсэндээ баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.


Тэгвэл их шөвөгт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын арслан Э.Оюунболд, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар шалгарлаа. Допингийн шийтгэлээс хойш хоёр жилийн дараа дэвжээндээ эргэн ирсэн тэрбээр дөрвөн барилдаанд оролцохдоо хоёр дараалан их шөвөгт үлдэв. Түүний хувьд бөхийн өргөөнд найм түрүүлж, ес үзүүрлэн, 15 дахь шөвгөө авч байна.


Наймд улсын харцага Г.Бадрах, начин Б.Чимэдвандан, Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлдэв. Энэхүү барилдааны түрүү бөх суудлын автомашин гардаж, үзэгчдээс нэг сая төгрөгийн найман азтан, суудлын автомашины нэг азтан тус тус тодорсон юм. 





Холбоотой мэдээ