БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийг бүрэн засжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрладаг 61 дүгээр цэцэрлэгийн барилгын их засварын ажил бүрэн дуусав.
Их засварын хүрээнд цэцэрлэгийн дээвэр, гадна фасад, цонх, хаалга, шал, тааз, хана, гал тогооны өрөөний агааржуулалт, цэвэр болон бохир усны системийг иж бүрнээр нь шинэчилжээ. Хүүхдүүд орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог орчинд сурч хөгжих боломж бүрдэж байна.
Төслийн зураг төслийг “Зуун найм” компани боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Хүслийн дээж” компани ажиллаж нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлжээ.
Тус цэцэрлэгийн их засварын ажлыг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн юм.