АРХАНГАЙ: Ойд бидний хүнс бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-22 17:17:40

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчны газраас сум дундын гурван ойн ангитай хамтран "Ой ба Хүнс" гар зургийн уралдааныг зохион байгуулав.


Олон улсын ойн өдрийг тохиолдуулан сурагчдад экологийн боловсрол олгох, ойн санг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах ач холбогдлыг хүүхэд, залуусын уран сэтгэмжээр олон нийтэд ойлгуулах зорилгоор энэхүү уралдааныг явуулж, шагналыг энэ сарын 21-ний өдөр гардууллаа.


Уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн 1-4, 5-8-р ангийн сурагчдын дунд зарлаж 230 гаруй зургийн бүтээл ирсэн байна.


1-4-р ангийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Хангай сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч О.Болор-Уянга өөрийгөө ойд жимс түүж буйгаар илэрхийлсэн. О.Болор-Уянга аав, ээж дүү нартайгаа зун болгон жимсэнд явж, хад, тошлой, нохойн хошуу зэргийг түүж бэлтгэдэг. Чингэхдээ аав, ээжийнхээ захиасыг биелүүлж, модны нэг мөчир ч хугалахгүйгээр жимсээ түүн, дүү нартаа ч учирлан хэлдэг байна.


5-8-р ангийн сурагчдын төрөлд тэргүүлсэн Батцэнгэл сумын 8б ангийн сурагч М.Мөнхцолмон “Хүнс гэдэг нь биднийг ивээн тэтгэдэг. Хүнсийг ургуулж, агуулж байгаа нь ой мод. Тийм учраас бид ой модоо хайрлан, арчлан хамгаалах хэрэгтэй. Тэгж байж бид амьдарна. Би зургандаа өөр нэг өнцгийг харуулсан нь модоо тайрсаар байгаад усгүй болж, эцэст нь усаа олж уухын тулд газар ухаж байгаа тухай харуулсан. Ийм ирээдүйг бид хүсэхгүй” гэв.  


Дэлхийн хуурай газрын 31 хувийг ой эзэлдэг ба хуурай газар амьдардаг ургамал, амьтдын 80 хувийнх нь амьдрах орчин болдог. Мөн ой бол усны эх болсон цэвдгийг тогтоон барьж хамгаалдаг байна.

 

Ой мод, ойн зурвас, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр жил бүр мод тарьж байгаа ба сургуулиудын эко клубүүдийн сурагчдыг татан оролцуулж, идэвхжүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зэрэг нөлөөллийн ажлыг хийхээр төлөвлөжээ.  

Холбоотой мэдээ