Баянзүрх дүүрэгт хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүрэгт хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг энэ сарын 10-нд эхлүүлсэн. Энэ удаа шалгалтын багийнхан Баянзүрх дүүрэгт ажилласан байна. Тус дүүрэг нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулахад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага ихтэй. Тэдгээр байгууллагад хяналт шалгалт хийхэд гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчил илэрсэн аж.
БЗД-ийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан ярихдаа, “Энэ шалгалтаар ААН-үүд гадна тохижилт, барилга байгууламжийн стандарт мөрдөөгүй хашаа, хайсыг буруу барьж байрлуулах зөрчил нийтлэг илэрсэн. Өөрийн өмчийн газраас илүү гаргаж хашаа барих, стандарт хангаагүй хашаа барих, гадна хаягийн зөрчил түгээмэл байна. Мэргэжлийн байгууллагууд шалгалтыг гүйцэтгэж байгаа учир зөрчлийг газар дээр нь шийдэж, арилгах ажлыг шуурхай зохион байгуулж, зөвлөмж өгч байна. Худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүд холбогдох стандартаа заавал мөрдөх үүрэгтэй” гэв.
Нийслэлийн хэмжээнд худалдаа,
үйлчилгээний чиглэлээр 18 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа
явуулдаг бөгөөд эдгээрийн 70 хувь нь стандартын шаардлагыг дагаж мөрддөггүй аж.
2022 онд баталсан гадна хаягт дагаж мөрдөх хотын стандартын шаардлага,
зөвлөмжийг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн байна. Тус стандартад гадна хаягийн
байгууламжийг тухайн барилгын гадна фасадны 20 хувиас хэтрэхгүй, нэг орон зайд
жигд хэмжээтэй үндэсний бичгээр бичиж байршуулна гэж тусгажээ.