Өсвөр насны хөвгүүд анх удаа чуулж, тулгамдсан асуудлаа хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-18 17:04:46

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монголын сайн дурынхны төвөөс санаачлан “Because I am a boy” 1000 хөвгүүний чуулганыг анх удаа зохион байгууллаа.


Энэ өдрийг сүүлийн жилүүдэд зөвхөн зэвсэгт хүчнийнхний баяраас тэлж өргөн хүрээтэй тэмдэглэх болсон. Учир нь, монгол эр хүн бүр эх орон дуудсан цагт бэлэн байх ёстой, залууст эх оронч үзлийг багаас нь суулгах зорилгоор орон даяар эрчүүдийн баяр хэмээн тодотгох болсон билээ. 


Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан эл чуулганд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 16-18 насны хөвгүүдийн төлөөлөл дуу хоолойгоо хүргэж, сэтгэгдлээ хуваалцсан юм. Чуулган нь хөвгүүдийн нийтлэг эрх, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг бодлого боловсруулагч болон хүүхэд хамгаалал, хүний эрхийн оролцогчдод хүргэх зорилготой аж. Салбар бүрд манлайлж буй төлөөлөгч, эрх, үүрэг, оролцооны талаарх илтгэл, панел хэлэлцүүлэг, хөвгүүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээний мини үзэсгэлэн, өөрсдийн хүч хөдөлмөрөөр брэнд бүтээгдэхүүн гаргаж, үйлдвэрлэл эрхэлж буй  старт-апууд оролцсон юм.


Монголын сайн дурынхны төвийн үүсгэн байгуулагч Б.Цэвэлмаа ярихдаа, “Хөвгүүдийн хөгжил, оролцоо нийгэмд чухал нөлөөтэй. Үүнтэй холбоотой хүчирхийлэл, дээрэлхэлт, гэмт хэрэг, боловсролын асуудлууд гарч байна. Хөдөө байдаг хөвгүүд мал маллах сонголт хийдэг. Сэтгэл зүй, эрүүл мэндийн асуудлаас болж сургуулиа хаях нь түгээмэл. Охид, хөвгүүдийн сурч хөгжих нөхцөл ялгаатай. Уяач хүүхдийн 96 орчим хувь нь эрэгтэй. Амьжиргааны ялгаатай түвшинд байгаа хөвгүүд ажлын байранд эрт гарах, өрх гэрээ тэжээж аав, ээждээ туслах үүргийг давхар гүйцэтгэж байна” гэв.


Чуулганд оролцож буй хөвгүүдийн сэтгэгдлээс хүргэе. 


Д.Сүхбаатарын нэрэмжит II сургуулийн 11г ангийн сурагч Э.Нямдаваа: Хөвгүүдээ хайрлаж, ярилцдаг байгаарай гэж хэлмээр байна

-Эцэг, эхчүүд хөвгүүдийн сурлагад ач холбогдол өгдөггүй. Амьд л байхад болно гэдэг. Тиймээс хөвгүүд их хайнга байдаг. Үе тэнгийн дээрэлхэлт үйлддэг,  өөрсдөө ч өртдөг. Хөвгүүд онцгой хүүхдийг дээрэлхэх асуудал гарч байна. Энэ талаар өнөөдрийн чуулган дээр түлхүү ярилаа. Манай сургуулийн хувьд Охид, хөвгүүдийн зөвлөл нь дээрэлхэлтийг маш сайн хамгаалдаг учраас харьцангуй бага өртдөг. Бидэнд “Ирээдүйд ямар мэргэжил сонгох вэ, ямар сургуульд орох вэ” гэсэн асуулт их төвөгтэй санагддаг. Өсвөр насныхан компьютер тоглоом, бильярдны газар цагаа их өнгөрөөж байна. Аав, ээжүүдэд хөвгүүдээ хайрлаж, ярилцдаг байгаарай гэж хэлмээр байна.  

 

МУБИС-ийн харьяа лицей сургуулийн 10в ангийн сурагч Б.Хүслэн: Хөвгүүдийн эрүүл мэндийг дэмжсэн ажил олон зохион байгуулаасай

-Сагсан бөмбөгийн талбай олон байгаасай. Хөвгүүдийн эрүүл мэндийг дэмжсэн ажил сургууль дээрх үйл ажиллагааг олноор зохион байгуулдаг байвал сайн. Асуудал бэрхшээл тохиолдоход найзаасаа зөвлөгөө авах нь их. Ийм тохиолдолд зөвлөгөө өгдөг мэргэжлийн сэтгэлзүйчтэй байх, хүртээмжтэй үйлчилээсэй гэж боддог.  


“Сант” сургуулийн 11г ангийн сурагч М.Булгантамир: Хөвгүүдэд сонирхлоо хөгжүүлэх боломжийг олгох хэрэгтэй


-Миний үеийн хөвгүүдийн дийлэнх нь и-спорт сонирхдог болсон. Тоглоомын газруудад томчууд элдэв зүйл хэрэглэх нь их. Улсаас үүнд шалгалт хийж, цэгцлээсэй гэж боддог. Улмаар илүү цэвэр тохилог, аюулгүй найдвартай орчин үүсгэх юм. Цаашлаад хүүхдүүдийг сонирхлоо хөгжүүлэх боломжийг ойлгоосой гэж хүсэх байна.  


 


ДЭМБ-ын статистикаар Монгол Улс 100 мянган хүнд ногдох амиа хорлолтын тоогоороо дэлхийд 19-д, Ази тивдээ хоёрдугаарт жагсдаг гэсэн судалгаа байна. Насны бүлгийн хувьд авч үзвэл 29.4 хувь нь 10-25 нас хүртэлх, 70.6 хувь нь 29-өөс дээш насныхан эзэлдэг. Тэр дундаа өсвөр насныхан болон 29 хүртэлх насны залуусын дундах амиа хорлолт жил бүр өсөж байгаа нь анхаарал хандуулах цаг болсны дохио юм. Тиймээс “Эрэгтэй хүн уйлж болохгүй”, “Эрэгтэй хүн хатуу чанга байх" ёстой гэсэн хатуу чанга ойлголт хөвгүүдийг өөртөө итгэлгүй, сул дорой болгоход хүрч буйг сэтгэлзүйчид онцолж байна. 




Холбоотой мэдээ