Ч.Сайханбилэг: Албан ёсоор хэлэхэд "Эрдэнэт"-д ямар нэг хуйвалдаан байгаагүй
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар яг одоо “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нийн 49 хувийн энгийн хувьцааг худалдсан асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдаанд өмнөх Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, болон уг асуудлыг судлах үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ажлын хэсгийн гишүүд оролцож, гишүүдийн асуултад хариулж байна.
Тус ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдан ОХУ-ын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар дүгнэлт гаргасан юм. Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн, холбогдох арга хэмжээг авсныг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсныг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Энд хоёр асуудал хамаатай. Нэгдүгээрт Үндэсний аюулгүй байдал, хоёрдугаарт эдийн засгийн аюулгүй байдал. Бидний түүхэн хугацаанд хойд хөршийн нөлөөлөл их байсан. Хойд хөрштэйгөө найрамдалт харилцаатай байсны хамгийн том жишээ “Эрдэнэт”. Одоо манай улсад 49 хувь шилжсэнээр харилцааны асуудалд сулрахвий. Ийм болгоомжлол Монгол түмэнд байна. Нөгөө талаар төсвийн томоохон ачааг үүрч яваа “Эрдэнэт”-ийн хувьчлалыг дагаад татварын төрд үүрэх ачаа суларна гэж би харж байна. Төр санхүүгийн хувьд сул болно. Төсвийн алдагдал үүнийг дагаад ихэснэ. Алдагдлаа нөхөхийн тулд гаднаас зээлнэ. Зээлээ хаанаас авах нь ч тодорхой. Эдийн засгийн хараат байдал үүсэх нөхцөл байдал үүсчихээд байна. Тийм учраас Монголын төрийг төлөөлөөд “Бид худалдан авахаас татгалзаж байна. Өөрсдөө мэдээд зар” гэсэн бичиг илгээсэн явдал бол төрийн мэдлийн стратегийн ордын талаар Засгийн газрын гаргах шийдвэр биш. Дүгнэлт нь их бөөрөнхий яваад байгаа. Үүн дээр тодорхой хариулт авмаар байна. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаардаг төрийн өмчийн стратегийн ордыг зарахаар шийдвэрлэсэн нь хуулиндаа нийцэж байгаа юм уу?
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг:
Миний бие УИХ-ын сонгуулийн өмнө байр сууриа илэрхийлсэн. Түүнээс хойш ямар нэгэн мэдэгдэл байр суурь илэрхийлэлгүйгээр өнөөдрийг хүрлээ. Яагаад гэвэл энэ асуудалтай холбоотой олон асуудал нууцын горимоор хэлцэгдэж шийдвэрлэсэн. Хоёрдугаарт, цаг хугацааны хувьд тохиромжгүй үе байсан. УИХ-ын сонгуулийн үе, шинэ чуулган, шинэ УИХ, араас нь орон нутгийн сонгууль гээд улс төржилттэй цаг хугацаа үргэлжилж байсан учраас энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхэд хүндрэл учрах байсан. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Хуульчид хоёр зүйл дээр маргалдсан. Нэг хэсэг нь энэ асуудлыг УИХ дээр зайлшгүй оруулж хэлэлцүүлэх ёстой гэж байсан. Нөгөө талд нь энэ асуудлыг зохицуулсан хуулийн зүйл заалт байхгүй. Худалдан авалт хийх юм бол олон улсын гэрээ өөрөө шууд хүчин төгөлдөр бус болно гэсэн байр сууриуд гарсан. Би Ерөнхий сайдын хувиар асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зүйтэй гэж үзсэн. "Эрдэнэт"-ийн асуудал цаг хугацааны хувьд эвгүй үед орж ирсэн. Зургадугаар сарын сүүлээр орж ирж байгаа нь сонгуулийн кампанит ажил эхэлчихсэн үе. Зургадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкент хотод уулзахаас өмнө энэ асуудлыг шийдэх боломж байсан. Хэрвээ сонгуулийн дараа намрын чуулганаар энэ асуудлыг оруулсан бол 49 хувь Монгол руу ирэх асуудал шийдэгдэхгүй байх "цаг хугацааны хайч"-нд орсон байсан. Тийм учраас Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргасан. Ингээд Засгийн газрын тогтоол гарсан. Би тэр үед “Долдугаар сард, эсвэл намар хуралдах эхний хуралдаанаар Засгийн газраас энэ асуудлыг УИХ-д оруулж танилцуулна” гэдгээ хэлж байсан.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
Засгийн газар ОХУ-ын 49 хувийг худалдахаар хэнийг, хэзээ томилсон бэ? Тэр хүмүүс нь яаж ажилласан юм бэ? Одоогийн гэрээгээр хоёр талын Засгийн газар судлахаар оруулж ирсэн. Монголын Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ татгалзана гэж хэзээ шийдсэн юм бэ? Худалдан авах давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд хувийнхан очиж хэлцэл хийх байх. УИХ, Засгийн газрын түвшинд “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал огт яригдаагүй байхад ХХБ-ныхан яагаад очоод яриа хэлэлцээ хийсэн юм. Хэний даалгавар, захиалгаар хийсэн бэ? Энэ асуудлаар хэзээ сайд нарт хүргүүлээд саналыг нь авсан юм бэ? Засгийн газрын хуралдаанд хуульчид оролцсон гэж яриад байна. Засгийн газрын хуульчид УИХ-д танилцуулахгүй бол болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн юм билээ. Энэ асуудлуудад хариулт авъя. Ер нь худалдан авах гэрээнээс татгалз гэсэн энэ бичиг хаанаас дамжиж ирсэн бэ? ГХЯ-аас ирүүлсэн үү, хувь хүн авчирч өгсөн үү?
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг:
ОХУ-д болж байгаа зүйлийг бид яаж мэдэх вэ? ОХУ-ын өмчид байсан 49 Засгийн газраас Сангийн яам руу, Сангийн яамнаасаа ТӨХ руу шилжээд цаашлаад "Ростех" руу шилжиж байхад бид юм ярьдаггүй байсан. Монголын Засгийн газарт ямар нэг байдлаар сонголт хийх хувилбар энэ асуудал дээр байхгүй байсан. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведевийн гаргасан шийдвэрт “Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд “Ростех”-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө" гэсэн байгаа. Мөн “Ростех”-оос манай Засгийн газарт Орос-Монголын хуулийн этгээд хоорондоо ямар үнэ ханшаар худалдан авалцах албан бичиг ирсэн. Ямартай ч "Эрдэнэт"-ийн 49 хувийг "Ростех" компани эзэмшиж байсан нь үнэн. Үүнд үндэслэн Засгийн газар 6 дугаар сарын 13-ны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрээ гаргасан. Энэ асуудал цаг хугацааны хувьд хайчин дунд байсан гэж дээр хэлсэн. Засгийн газрын хуралдаанд оролцсон бүх сайд байр сууриа илэрхийлсэн. Хуралдаанд оролцсон бүх сайд дэмжсэн. Засгийн газар нөгөө талын захиалгаар шийдвэр гаргаагүй. Монголын захиалгаар шийдвэрээ гаргасан. Монгол Улсад энэ шийдвэр зөв гэж бодсон. Аж ахуйн нэгжүүд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголд ирэх боломж гарлаа гэсэн үндсэн дээр Монголын эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан. Хэрвээ энэ шийдвэрийг гаргаагүй бол Монголын 49 хувь Оросын талд байх байсан.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
Яаралтай хэлэлцэх асуудлаар яамдаас санал авдаггүй гэх асуудал байхгүй. Туйлын ноцтой асуудал хөндөгдөж байхад цаг хугацааны хайчинд ороод шийдсэн гээд байх юм. Засгийн газар энэ асуудалд Монголын гэдэг утгаараа яаж ажилласан юм бэ? Хэзээ энэ асуудал яригдаад О.Орхоныг явуулсан бэ?
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг:
Энэ асуудлыг хам хум шийдээгүй. Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа орсон. Хариуцсан хүмүүс орж, ажлын хэсэг байгуулсан. Албан ёсоор хэлэхэд "Эрдэнэт"-д ямар нэг хуйвалдаан байхгүй. Монгол Улсын төр, засгийн ажил хийж байсан хүмүүсээс өмнө нь "Эрдэнэт"-ийн 49 хувь Монголд оруулж ирэх талаар ярьсан хүн байгаагүй. Цэвэр аж ахуйн нэгжийн санаачилга. “ОХУ-ын Засгийн газар шийдвэрээ гаргасан. “Ростех” өөрсдөө асуудлаа шийдсэн. Үүнийг гурван улсын тэргүүний уулзалтын өмнө шийдэх боломж байна, Шинэ УИХ байгуулагдахыг хүлээвэл энэ асуудал унана” гэсэн цаг хугацааны хайч байсан. Тийм учраас бид хууль зөрчихгүй, гаргаж болох хэмжээнд нь хийсэн. Хэрвээ Монгол төрд залгамж чанар байдаг бол энэ асуудлаа оруулж ирж дуусгах ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
Энэ О.Орхон гэж хүн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд ХХБ-ны гүйцэтгэх захирал, "Ти Ди Би" капитал компанийн гүйцэтгэх захирал гэсэн хоёр янзаар тэмдэглэгдсэн байсан. Яг хэн гэж хүний захиалга даалгавраар тэнд очиж гэрээ хэлцэл хийж явсан юм бэ?
ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон:
Таны сая дурдсанчлан би ХХБ-ны гүйцэтгэх захирал болон ХХБ-ны 100 хувь охин компани “Ти Ди Би капитал”-ийн гүйцэтгэх захирлын хувьд Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл өгөхөөр ирлээ. Би хоёр албан тушаал хашдаг. Энд банктай холбоотой, гүйцэтгэлд хэрхэн холбогдож, яаж ажилласан талаар асуултад хариулж, мэдээлэл өгөхөөр ирсэн. Түүнээс худалдан авагч, захиалагч гээд байгаа хэн нэгнийг төлөөлж ирээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Захиалагчийн хувьд “Монголын зэс компани” манай банкинд санхүүгийн зөвлөгөө авах, олон улсын гэрээ, хэлэлцээр, санкц, төлбөр тооцоо мөн хөрөнгө босгох асуудалд мэргэжлийн зөвлөгөө авахаар захиалга өгсөн. Үүнд “Ти Ди Би” компани ч зөвлөгөө өгч оролцсон, ХХБ ч санхүүжилтэд нэг зээлдэгчид олгодог боломжит хязгаарынхаа хүрээнд оролцсон. Үйл явц хэрхэн явсан гэвэл “Цаг хугацааны хайч” гэж түрүүнээс хойш ярилаа. Үнэхээр ОХУ-ын талаас ч, Засгийн газраас ч, гэрээ хэлэлцээрт орсон хоёр компанийн хувьд ч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж дуусгах шаардлага байсан. “Ростех” компанийн Хяналтын зөвлөл гэдэгт ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Хууль зүйн яам, бусад хууль хяналтын байгууллагын төлөөлөл орсон томоохон шийдвэр гаргадаг байгууллага юм билээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамны хуулийн дүгнэлттэй зэрэг шийдвэр гарснаар хувьцаа эзэмшигч “Ростек” компани Засгийн газар, Хяналтын зөвлөлөөсөө зөвшөөрөл авсны үндсэн дээр хувьцаагаа худалдан борлуулах эрхтэй болсон. Энэ бол ОХУ-д болсон асуудал.
Нэгэнт ийм эрх байхад “Ростех” хэнд хувьцаагаа шилжүүлэхээ өөрсдөө шийднэ. Үүнд ямар ямар худалдан авагч байсныг яриад яахав. Ямар ч байсан “Монголын зэс” компанитай худалдах, худалдан авах гэрээ, нөхцлөө тохирч, холбогдох шийдвэр гаргадаг байгууллагуудаасаа зөвшөөрөл авсан. Дараа нь ийм худалдан авагчтай ийм нөхцлөөр худалдах гэж байна, яг энэ нөхцлөөр Монголын Засгийн газраас худалдан авах эсэх, давуу эрхээсээ татгалзаж байгаа бол Засгийн газар шийдвэрээ ирүүлэхийг хүссэн. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд “Аль нэг тал хувьцаагаа хэсэгчлэн болон бүхлээр нь гуравдагч этгээдэд худалдаж болно.Энэ тохиолдолд нөгөө тал нь давуу эрхээсээ татгалзсан бол худалдсанаар гэрээ хүчин төгөлдөр биш болно” гэж заасан. Үүн дээр л олон улсын болон Монголын хуульчдын дүгнэлт гарсан. Тийм ч учраас өөрийн эрх мэдлийн дагуу “Ростех” худалдан авагчаа өөрөө сонгоод нөхцлөө батлуулаад, дараа нь Монголын Засгийн газарт давуу эрхээ эдлэх эсэх сонголт өгсөн. Засгийн газраас харин давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гарсан.
Үүгээр гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ