Йеменд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-20 13:58:07

САНАА. /ВВС/. Иргэний дайны хөлд нэрвэгдсэн Йемен улсад НҮБ зуучилснаар өнөөдрөөс эхлэн 72 цагийн хугацаагаар гал зогсоож эхэлжээ.

Орон нутгийн цагаар пүрэв гарагт шилжих шөнө дунд албан ёсоор гал зогсоож эхэлсэн байна.

Нийслэл Санаа хотыг хяналтдаа аваад байгаа “Хусит” бүлэглэлийн босогчидтой Саудын Арави тэргүүтэй эвслийн дэмжлэгийг хүлээдэг Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн цэргүүд тулалдсаар байгаа юм.

Тулалдааныг түр зогсоосноор хоёр тал хоорондын энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхэд тус болж магадгүй гэж НҮБ найдаж байна.

Саудын Арави тэргүүтэй эвслээс гаргасан мэдэгдэлд “гурав хоногийн хугацаагаар гал зогсоох хэлэлцээрийг бид хүндэтгэнэ” гэжээ. Уг хэлэлцээрт тус эвслийн дайсан болох Ираны холбоотон хуситууд ч нэгдсэн билээ.

Гэхдээ энэхүү хэлэлцээр нь Йеменд 19 сар үргэлжилж, олон мянган хүний аминд хүрсэн иргэний дайныг зогсоох эхлэлийг тавих эсэх нь эргэлзээтэй байна.

Энэ сарын эхээр Санаа хотод оршуулгын ёслолд оролцож байсан хүмүүс рүү Саудын Арави тэргүүтэй цэргийн эвсэл агаараас дайрч, 140 хүний аминд хүрсний дараа олон улс даяар Йемений асуудлыг онцгойлон анхаарах болсны дүнд гал зогсоохоор болсон билээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хугацаанд иргэний дайны хөлд 7000 орчим хүн нэрвэгдэн амь үрэгдэж, 35 мянган хүн шархдан, гурван сая орчим хүн орон гэрээсээ дүрвэхэд хүрчээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ