Сэлэнгэ аймгийн Түшиг, Шаамар суманд нэр дэвшигчийн санал тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-20 11:26:15

Сумын ИТХ-ын сонгуулийн санал хураалт Сэлэнгэ аймгийн хэмжээнд 60.48 хувьтайгаар явагдлаа. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Түшиг, Шаамар сумдад нэр дэвшигчийн санал тэнцсэн дүн мэдээтэй байна.

Аймгийн хэмжээнд сонгуулийн нэрсийн жагсаалтанд бичигдсэн 68307 сонгогчоос  саналаа өгсөн 41373 сонгогч байна. Эдгээрээс  эрэгтэй 18447, эмэгтэй 22406 сонгогч саналаа өгчээ. Энэ удаагийн сумын ИТХ-ын сонгуульд хамгийн өндөр ирцтэй оролцсон сумдад Түшиг 74.9 хувь, Сант 73.8 хувь, Баянгол 72.3 хувийн ирцтэй оролцсон байна. Харин хамгийн бага ирцтэй сумдад Сүхбаатар 54.8 хувь, Мандал 55.9 хувь, Алтанбулаг 60.5 хувийн ирцтэй оролцжээ. Мөн энэ удаагийн сонгуульд 88 бие даагч өрсөлдсөнөөс 10 бие даагч ялалт байгуулсан байна. Тухайлбал Алтанбулаг суманд 4, Зүүнбүрэн суманд нэг, Мандал суманд 4, Сайхан суманд нэг бие даагч тус тус ялалт байгуулсан аж. Сонгуулийн дүн мэдээнээс харахад Алтанбулаг, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Орхонтуул, Сайхан, Сүхбаатар, Хушаат, Хүдэр сумдад МАН, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Жавхлант, Сант, Цагааннуур сумдад АН ялалт байгуулсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ