Сэлэнгийн Сүхбаатар сумын сонгогчдын ирц дөнгөж 39 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-19 20:13:43

Сумын ИТХ-ын сонгуулийн санал хураалт Сэлэнгэ аймгийн хэмжээнд 17.00 цагийн байдлаар 68307 сонгогч саналаа өгөхөөс 31098 сонгогч буюу нийт сонгогчдын 45.5 хувь нь саналаа өгөөд байна.

Сонгогчийн ирцийн хувьд хамгийн өндөр байгаа нь Баянгол сум бөгөөд 62.4 хувьтай. Хамгийн бага идэвхтэй сумаар аймгийн төв Сүхбаатар тодорч, 39.4 хувьтай байна. Энэхүү 39.4 хувь гэдэг бол оройн 22.0 цаг хүртэлх хугацаанд иргэд өөрсдийнхөө сонгох эрхээ хэрэгжүүлэх тал дээр хариуцлагатай хандаж, сумын ИТХ-аа байгуулах, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа байгуулалцах үндсэн хуульд олгогдсон эрхээ бүрэн эдлэх шаардлагатай байгааг харуулж байгаа аж.

“Хаврын УИХ-ын сонгуультай харьцуулахад орон нутгийн сонгууль маш хангалтгүй ирцтэй байна. Оройн 18.00 цаг болж байхад ирц ийм байна гэдэг тун хангалтгүй юм. Мандал, Сүхбаатар бол манай аймгийн хамгийн хүн ам олонтой сум. Сонгогчдын үлэмж хэмжээний хувийг бүрдүүлж байдаг Мандал сум 25 мянган хүн амтай, сонгогч нь 17-18 мянга, Сүхбаатар сум бол 20 гаруй мянган хүн амтай, сонгогч нь 15 мянга байдаг. Сэлэнгэ аймгийн нийт сонгогчийн 50 хувийг эзэлдэг сумд. Иймээс эдгээр сумын иргэд сонгуультай идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн аймгийн Сонгуулийн хорооны дарга Э.Оюунболд ярилаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ