ДУНДГОВЬ: 5 суманд нэмэлт санал хураалт явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-15 13:19:04
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ыг сонгох 2024 оны ээлжит сонгуулиар Дундговь аймгийн 5 суманд тус бүр нэг мандатын төлөө нэмэлт санал хураалт явуулсан.


Тодруулбал, Баянжаргалан, Сайхан-Овоо, Адаацаг, Цагаандэлгэр, Дэлгэрцогт суманд нэг мандатын төлөө нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн байсан тул 10 дугаар сарын 13-нд нэмэлт санал хураалт явуулсан юм.


Санал хураалтаар Адаацаг, Цагаандэлгэр суманд Монгол ардын нам, Дэлгэрцогт, Сайхан-Овоо суманд Ардчилсан нам олонхын санал авчээ. Харин Баянжаргалан суманд 2 намын нэр дэвшигчдийн санал мөн тэнцсэн тул энэ сарын 19-нд дахин санал хураалт явуулахаар болсон байна.


Ингэснээр 15 сумаас 8 суманд Монгол ардын нам, 7 суманд Ардчилсан нам олонх болсон байна. Учир нь Дэлгэрцогт суманд 2 нам тэнцүү долоо, долоон санал авсан байсан бол нэмэлт санал хураалтаар тус суманд Ардчилсан нам олонх болжээ.


Баянжаргалан сумын хувьд одоогийн байдлаар 15 мандатаас Монгол ардын нам 9, Ардчилсан нам 5 суудал авч, Монгол ардын нам олонх болсон. Нэг мандатын төлөө нэмэлт санал хураалт явуулна. 

Холбоотой мэдээ