Йемений босогчид мөргөлдөөнийг зохицуулахыг зөвшөөрчээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-08 15:49:37

НҮБ. /TASS/. Улс оронд нь болж буй мөргөлдөөнийг зохицуулах тухай Аюулгүйн Зөвлөлийнх /АЗ/ нь тогтоолыг биелүүлэхэд бэлэн буйгаа Йемений босогч хоуситууд НҮБ-д мэдэгджээ. Энэ тухай тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, “АЗ-ын 2216 дүгээр тогтоолыг хүлээн зөвшөөрч буйгаа нотолсон хоуситуудын сүүлд хийсэн мэдэгдлийг" Йемений асуудлыг хариуцсан тусгай элч төлөөлөгч Исмаил ульд Шейх Ахмед сайшаасан байна.

Хоуситуудын захидлаар илгээсэн мэдэгдлийг Дюжаррик “чухал алхам” гэж нэрлэжээ. Түүний хэлснээр, 2216 дугаар тогтоол болон АЗ-ийн бусад шийдвэр, мөн Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлөөс гаргасан энхийн санаачилга нь НҮБ-ын явуулж улс төрийн үйл явцын үндсэн дээр өнгөрсөн онд хийсэн үндэсний яриа хэлцээний үр дүн ажээ. “Энэ гурван “багана” нь мэргэжлийн зөвлөх ажиллаж байгаа хэлэлцээний үндэс суурь хэвээр байх болно” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч цохон тэмдэглэсэн байна.

Йемений эрх баригчид болон босогчид хоорондын зөрчил өнгөрсөн оны наймдугаар сард хурцадсан юм. Хоуситуудын “Ансар Аллах” хөдөлгөөний цэргийн жигүүр энэ оны нэгдүгээр сард тус улсын нийслэл Сана хотыг эзлэн авсан билээ. Йемений Ерөнхийлөгч Аден хот руу зугтахаас аргагүйд хүрсэн бөгөөд босогчид гуравдугаар сарын 25-нд тус хотод дайран орсны дараа тэрбээр улсаасаа гарсан юм. Йемений Ерөнхийлөгчийн хүсэлтээр Саудын Аравийн эрх баригчид Бахрейн, Катар, Кувейт болон Арабын Нэгдсэн Эмирт Улсын Зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр хоуситуудын эсрэг гуравдугаар сарын 26-наас агаарын цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ