Маргаашаас ихэнх нутгаар сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-16 14:21:58

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.


Есдүгээр сарын 18-ны лхагва гарагт газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг онцгойлон анхааруулав. Маргааш баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх, говийн нутгийн зарим газраар, 20-нд Халх голын сав газраар, 21-нд Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орох аж.


Маргаашаас эхлэн Монгол орны ихэнх нутгаар салхи 6-14, зарим үед 16-18 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Харин агаарын температурын хувьд маргаашаас бага зэрэг хүйтрэх төлөвтэй бөгөөд шөнөдөө 3-8, өдөртөө 8-13 хэм дулаан байх төлөв гарчээ. Гэхдээ томоохон голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн байхыг анхаараарай.


Нийслэлд энэ сарын 18-19-нд шилжих шөнө бороо, нойтон цас орно. Есдүгээр сарын 19, 20-ны өдөр өдөртөө ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Есдүгээр сарын 18, 24-нд салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температурын хувьд ойрын өдрүүдэд шөнөдөө дөрөв, өдөртөө 18 хэм хүртэл дулаан байх юм. Харин энэ сарын 21-нээс шөнөдөө 5-10, өдөртөө 11-16 хэм дулаан байхыг ЦУОШГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ