ДОРНОГОВЬ: Хоббигоо бизнес болтлоо өргөжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Тангаагийн Ганбаатар 1995 оноос хойш одоог хүртэл өөрийн хашаандаа мод тарьж говь нутгийн нэгэн баян бүрдийг буй болгожээ.
Тэдний хашаанд одоогоор 18 төрлийн 2600 гаруй мод ургаж байна. Тэрээр говьд ургах чадвартай хайлаас, улиас зэрэг олон төрлийн мод ургуулан тордож, хувийн өмчийн бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулжээ.
Мөн цэцэрлэгт хүрээлэнд туулай, хярс зэрэг амьтад үе үе зочлохоос гадна төрөл бүрийн шувууд ч заримдаа чуулдаг болжээ. Хашаандаа жижиг усан бассейн болон амарч тухлах гэр, сандал, сүүдрэвч зэргийг байгуулж дулааны улирлын үеэр иргэдэд тодорхой үнээр үйлчилдэг байна.
Тэрбээр 1979 онд Улаанбаатар хотын санхүү эдийн
засгийн техникумыг төгсөж нягтлан бодогч мэргэжил
эзэмшсэнээр Дорноговь аймгийн Ардын Депутатын хурлын гүйцэтгэх захиргааны
санхүүгийн хэлтэс, Дорноговь аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, аймгийн Мод
боловсруулах үйлдвэр, “Чандмань-Илч” ОНӨҮГ зэрэг олон байгууллагад ажиллаж байжээ. Одоо
тэр хувийн цэцэрлэгт хүрээлэнгээ арчилж дуртай ажлаа хийж явна.