“Алтан намар 2016” үзэсгэлэн худалдаагаар 47 сая төгрөгийн борлуулалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-07 23:55:26

Өвөрхангай аймагт жил бүр зохиогддог “Алтан намар 2016” үзэсгэлэн худалдааг энэ удаа “Эрүүл хөрс, Эрүүл мал, Эрүүл хүнс” уриан дор зохион байгууллаа.

Өөрийн орон нутагтаа үйлдвэрлэсэн, өсгөн үржүүлсэн мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг сурталчлан эрүүл, чанартай, органик хүнсээр иргэдийг хангах, борлуулалтын сүлжээ үүсгэх зорилготой уг арга хэмжээнд 19 сумын малчид, бизнес эрхлэгчид оролцож, төмс, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, малаас гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргаж, худалдаа хийлээ.

10 сарын 2-оос гурван өдөр үргэлжилсэн үзэсгэлэн худалдаагаар 8,8 сая төгрөгийн төмс, хүнсний ногоо, 10 гаруй сая төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүн, 13,8 сая төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн буюу нийт 33,4 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.

Мөн “Алтан намар 2016” үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг 6 төрлөөр шалгарууллаа. Тухайлбал “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн борлуулагч” номинациар Бат-Өлзий сумын иргэн Д.Нансалмаа, .“Хамгийн их бүтээгдэхүүн борлуулагч” номинациар Нарийнтээл сумын тариаланч Б.Мягмар, “Шилдэг технологи нэвтрүүлж, шинэ санаачилга нэвтрүүлэгч” номинациар Төгрөг сумын тариаланч Д.Янжиндулам, “Хамгийн олон төрлийн бүтээгдэхүүн борлуулагч” номинациар Хархорин сумын “Хархорин хангайн хөгжил” хоршоо, “Олон нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцогч” номинациар Уянга сум, “Хамгаалагдсан хөрсөнд тариалж өндөр ургац хураасан” номинациар Арвайхээр сумын “Нартын гүнд” хоршоо, “Туслах аж ахуйн шилдэг бүтээгдэхүүн” номинациар Хужирт сумын “Өгөөмөр шунхлай” нөхөрлөлийн зөгийн бал тус шалгарчээ.

Сүү, сүүн бүтээгдэхүүний шилдгүүдээр “Шинэ сав, баглаа боодол нэвтрүүлэгч иргэн”-ээр Баян-Өндөр сумын иргэн Ч.Хоролсүрэн, “Хөхүүрийн шилдэг айраг” номинациар Өлзийт сумын иргэн Ш.Тогтохбаатар, “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн сүү, цагаан идээ борлуулагч” номинациар Баянгол сумын “Үржих дэвших” хоршоо, “Хамгийн олон төрлийн сүү, цагаан идээ борлуулагч” номинациар Богд сумын иргэн В.Бямбасүрэн, “Идэвхтэй оролцогч” номинациар Хархорин сумын иргэн П.Пүрэвжав, “Хамгийн их цагаан идээ борлуулагч” номинациар Сант сумын иргэн Ц.Баярхүү нар шалгарсан байна.

“Үзэсгэлэнгийн зохион байгуулалттай сум” номинациар Баруунбаян-Улаан сум,  “Шилдэг зохион байгуулалттай тасаг” номинациар Арвайхээр сумын МЭҮТ шалгарч, үзэсгэлэн худалдааны шилдгийн шилдэг Гранпри шагналыг Төгрөг сумын хамт олон авсан байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ