ХӨВСГӨЛ: “Соёмбо” цогцолбор хүртэл дугуйн болон явган хүний зам тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-27 17:07:37

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол орны аялал жуулчлалын бүс хоймор нутагт ирэх дотоод, гадаадын жуулчдад үзэх үзмэрийг нэмэгдүүлж, Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг монгол түмэндээ сурталчлан таниулах зорилгоор “Соёмбо” цогцолборыг 2020 онд байгуулсан.




Мөрөн сумаас 5 км-ийн зайтай Дулаанхан уулын энгэрт байрлах “Соёмбо” цогцолборт тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж байна.


Тодруулбал, энэ онд Мөрөн сумаас “Соёмбо” цогцолбор хүртэл 3 км дугуйн зам, явган хүний замын бүтээн байгуулалт хийнэ.


Ингэснээр хүүхэд, залуус дугуйн спортоор хичээллэх, ахмад буурлууд эрүүл агаарт алхах боломж бүрдэх юм.

Дугуйн спорт бол эрүүл мэнд, эрч хүч, аялал, амралтыг нэг дор цогцоор нь өгдөг давуу талтай хамгийн чухал спортод тооцогддог. Тиймээс дугуйн замыг байгуулахдаа олон улсын сүүлийн үеийн стандарт шаардлагад нийцсэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа юм.



Монголчууд соёмбыг монгол төр бат бэх, эв нэгдэлтэй байх, тусгаар тогтнон оршихын бэлгэ тэмдэг хэмээн үздэг.

Өнгөрсөн онд давхардсан тоогоор 100 мянга гаруй иргэн “Соёмбо” цогцолборыг зорин очсон байна.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ