НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дугаар чуулганы гуравдугаар хорооны хуралдаанд үг хэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-07 09:59:00

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дугаар чуулганы гуравдугаар хорооны Нийгмийн хөгжлийн асуудлаарх хуралдаанд 10 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож үг хэлэв.

Хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлал ба Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн нийгмийн бүх гишүүдийг хөгжилд хамруулах (leave no one behind) тухай алсын харааг хэрэгжүүлэхийн тулд дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засаг, байгаль орчны хүчин зүйлсийн тэнцвэрийг хангасан нийгмийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Байнгын төлөөлөгч  С.Сүхболд үгийнхээ эхэнд онцлов.

Тэрээр цааш нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн 2030 үзэл баримтлалд ядуурлын бүх төрөл, хэлбэрийг устгах, жендэрийн тэгш байдлыг хангах, эрүүл мэнд ба боловсролын үйлчилгээний олдоц ба чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, насан туршийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх зэрэг зорилт дэвшүүлснийг дурдав.

Улмаар дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас ядуурлыг бууруулах, боловсрол ба эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, гэр бүлийг дэмжих, нийгмийн хамгааллыг боловсронгуй болгох болон холбогдох бусад чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүдийг танилцууллаа.

Холбоотой мэдээ