СЭЛЭНГЭ: Бага насны хүүхдийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-29 20:59:26

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас энэ сарын 23-ны өдрөөс эхлэн 5 хүртэлх насны хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Сүхбаатар суманд зохион байгуулж байна.

 

Дээрх ажлыг Сүхбаатар сумын ЗДТГ, Эмнэх”, “Номтхан” өрхийн эмнэлэг, цэцэрлэгүүд хамтран хуваарийн дагуу цэцэрлэгүүд дээр үзлэг хийж байгаа юм.

 

Сүхбаатар сумын найман цэцэрлэгт 5 хүртэлх насны 1789 хүүхэд хүмүүждэг. Үзлэгийн үр дүнд эхний гурван өдрийн байдлаар 953 хүүхэд бүрэн хамрагдаад байгаа аж.

 

Энэ нь салбар дундын хамтын ажиллагааны үр дүн хэмээн аймгийн ЭМГ-ын ажлын багийн ахлагч хэллээ.

 

Аймгийн ЭМГ-ын ажлын багаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг ажлын тав хоногт багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Ташрамд, дээрх урьдчилан сэргийлэх үзлэг эхлэхээс өмнө хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалт аймгийн хэмжээнд 59.7 хувь, үүнээс Сүхбаатар суманд 5 хүртэлх насны эрт илрүүлгийн хамрагдалт 15.7 хувь, 6-17 насны хамрагдалт 82.2 хувьтай байсан байна.   

 

Монгол Улсын Засгийн газраас бага насны хүүхдийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалтыг орон нутагт эрчимжүүлэн ажиллахыг даалгажээ. 

Холбоотой мэдээ