Тейлор Свифт тэрбумтнуудын эгнээнд багтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-04-03 12:12:36

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /BBC/. Америкийн поп од Тейлор Свифт дэлхийн баян чинээлэг хүмүүсийн нэг болсныг Форбес сэтгүүлийн шинэчилсэн жагсаалт харуулж байна. Тэрбээр дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад 1.1 тэрбум  ам.долларын хөрөнгөтэйгээр анх удаа бичигдлээ.


Мөн ChatGPT чатботыг бүтээгч Сэм Альтман мөн 1 тэрбум долларын хөрөнгөтэйгээр тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн байна. Харин Францын LVMH группийн тэргүүн Бернар Арно болон түүний гэр бүлийнхэн 233 тэрбум долларын хөрөнгөтэйгээр жагсаалтыг тэргүүлжээ.


Форбес”-ийн мэдээлснээр, 2024 онд 2781 тэрбумтан шинээр төрсөн нь урьд үзэгдээгүй тоо юм. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 141-ээр, 2021 онд тогтоосон өмнөх дээд үзүүлтээс 26-гаар олон байна. Түүнчлэн тэрбумтнуудын хөрөнгө урьд хожид байгаагүй хэмжээнд буюу 14.2 их наяд долларт хүрч өсжээ.


Дуучин, ая зохиогч Т.Свифт мегастар статустай болсныхоо дараа баячуудын жагсаалтад оржээ. Тэрбээр энэ жилийн Грэмми шагнал гардуулах ёслолын үеэр оны шилдэг цомгийн шагналыг дөрвөн удаа хүртсэн анхны уран бүтээлч болсон юм. Түүний 1989 цомог /Taylor's Version/ өнгөрсөн оны хамгийн их борлуулалттай пянз болжээ.


Т.Свифтийн амжилт зөвхөн хөгжмийн ертөнцөөр хязгаарлагдахгүй бөгөөд тэрбээр найз залуу Трэвис Келсигээ дэмжихээр америк хөл бөмбөгийн тоглолтуудыг үзсэн нь NFL лигийн үзэгчдийн тоо өсөхөд нөлөөлсөн байна.


Манай гаргийн хамгийн баян 10 хүний тухайд гэвэл 8 нь Америкийн иргэд бөгөөд тэдний зургаа нь технологийн салбараас хөрөнгө босгосон байна.


Францын иргэн Б.Арно болон түүний гэр бүлийнхний араас Tesla, X компаниудын эзэн Илон Маск 195 тэрбум долларын хөрөнгөтэйгээр хоёрдугаарт бичигджээ.


Түүний дараа Амазон”-ы эзэн Жефф Безос гуравдугаарт жагссан байна. И.Маскийн хөрөнгө өнгөрсөн оныхоос 8 хувиар өссөн боловч 2021 оны 11 дүгээр сард 300 тэрбум долларын хөрөнгөтэй анхны хүн болж байсан үетэй харьцуулахад илт буурчээ.


Мөн Форбес сэтгүүлийн шинэ жагсаалтад домогт сагсан бөмбөгчин Мэжик Жонсон, “Law and Order”, “Chicago PD телевизийн цувралыг бүтээсэн продюсер Дик Вольф нар тус тус 1.2 тэрбум долларын хөрөнгөтэйгээр багтжээ.


100 тэрбумтнуудын клуб


Форбес”-ын мэдээлснээр, 2024 оны 100 тэрбумтнуудын клубийнхэн 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 255 хувиар илүү баян болсон бөгөөд тэд нийт 2 их наяд доллароор үнэлэгдэх хөрөнгийг эзэмшиж байгаа нь дэлхийн нийт 2781 тэрбумтны 0.5-хан хувь нь нийт тэрбумтнуудын хөрөнгийн 14 хувийг эзэмшдэг гэсэн үг юм.


Газарзүйн байршлын хувьд АНУ-д бусад улсаас хамгийн илүү олон буюу 813 тэрбумтан амьдарч байна. Харин Хятад, Энэтхэг улсууд хоёр, гуравдугаарт бичигджээ. Их Британид хеж сангийн менежер Майкл Платт хамгийн баян хүнээр тодорч, Манчестер Юнайтед”-ын эзэмшигч Жим Рэтклифф, зохион бүтээгч Жеймс Дайсон нар удаалжээ.


Энэ удаагийн жагсаалтаас 189 хүн хасагдсаны 129 нь эх газрын Хятадын иргэд байсан бөгөөд хэрэглээний зардал буурч, үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналтад орсон нь үүнд нөлөөлсөн байна. Түүнээс гадна, Египетийн магнат Мохамед Аль-Файед, Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони, Чилийн Ерөнхийлөгч асан Себастьян Пиньера, дуучин Жимми Баффет зэрэг 32 тэрбумтан нас баржээ.

 


Холбоотой мэдээ