Санхүүгийн салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-04 14:17:14

ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар энэ долоо хоногийн эхээр дэлхийн зах зээлд ажиглагдсан ханшийн уналттай холбоотойгоор хоёр орны санхүүгийн салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ. Ийм тохиролцоонд тэд утсаар ярилцах үеэрээ хүрсэн тухай Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Японы Засгийн газар “Их 7”-гийн орнуудтай /Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Япон/ хамтран хөрөнгийн зах зээлд үүссэн байдлыг тогтворжуулах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа тухай Суга мягмар гарагт мөн мэдэгджээ.

“Гадаад болон дотоодын байдлыг анхааралтай ажиглаж, “Их 7”-гийн орнуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авахаар төлөвлөж байна” гэж тэрбээр хэлээд чухам ямар арга хэмжээ авах талаар тодорхой дурдаагүй байна.

Япон болон АНУ-ын удирдагчид мөн Солонгосын хойгийн байдлыг хэлэлцжээ. Сөүл болон Пхеньяны төлөөлөгчид урт удаан хэлэлцээ хийсний эцэст тохиролцоонд хүрснийг Абэ, Обама хоёр сайшаасан байна. Үүнээс гадна, Япон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн мөрдлөгийн объект болсон тухай мэдээлэлд санаа зовниж буйгаа Шинзо Абэ илэрхийлээд хэрэв энэ мэдээлэл нотлогдвол хоёр орны харилцаанд нөлөөлж болзошгүйг цохон тэмдэглэжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд